Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:25

[1] Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.

[2] Би ЭЗЭНд хандан "Миний хоргодох газар, миний бат цайз, Миний итгэдэг Бурхан минь" гэнэ.

[3] Учир нь чамайг анчны урхинаас, Бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм.

[4] Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм.

[5] Чи шөнийн аймшгаас ч, Өдөр исгэрэх сумнаас ч айхгүй.

[6] Мөн харанхуйд явагч тахлаас ч, Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй.

[7] Мянган хүн чиний дэргэд, Түмэн хүн чиний баруун гар талд унавч, Энэ нь чамд халдахгүй.

[8] Чи зөвхөн нүдээрээ хараад л Хорон муу хүнд өгөх хариуг үзэх болно.

[9] Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм.

[10] Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй, Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.

[11] Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө.

[12] Чамайг хөлөө чулуунд цохьчих вий гэсэндээ Тэд чамайг гар дээрээ өргөн явна.

[13] Чи арслан, наж могойг гишгэж, Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ.

[14] "Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна. Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө.

[15] Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна. Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна. Би түүнийг аварч, хүндлэх болно.

[16] Би түүнийг урт амьдралаар хангаж, Түүнд Өөрийн авралыг үзүүлнэ.

Дуулал — Chapters