Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:16

[1] Явдал үйл нь гэм зэмгүй, ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!

[2] Түүний гэрчлэлүүдийг сахин, Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!

[3] Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй. Тэд Түүний замаар явдаг.

[4] Биднээр хичээнгүйлэн сахиулахаар Та Өөрийн тушаалуудыг тогтоосон юм.

[5] Таны зарлигуудыг сахихаар Замууд минь бат тогтоосой!

[6] Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагт Би ичихгүй.

[7] Таны зөв шударга шүүхээс сурахдаа Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно.

[8] Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно. Намайг бүрмөсөн бүү орхиоч!

[9] Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахьснаар...

[10] Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан. Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч!

[11] Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан.

[12] Өө, ЭЗЭН, Та ерөөлтэй еэ! Өөрийн зарлигуудыг надад заагаач.

[13] Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан юм.

[14] Би бүх баялагт баясдагтай адил Таны гэрчлэлүүдийн замд баяссан юм.

[15] Би Таны тушаалуудыг бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно.

[16] Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй.

[17] Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулд Өөрийн зарцдаа өгөөмөр хандаач.

[18] Таны хуулиас гайхамшигт зүйлсийг Надад харуулахаар нүдийг минь нээгээч.

[19] Би газар дэлхийд гадны хүн билээ. Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач.

[20] Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр Сэтгэл минь шаналж байна.

[21] Таны тушаалаас салан тэнүүчилдэг Бардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм.

[22] Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач. Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахьдаг билээ.

[23] Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн Таны зарц Таны зарлигуудыг бясалгадаг.

[24] Таны гэрчлэлүүд мөн миний баясал, Миний зөвлөгчид юм.

[25] Миний сэтгэл тоос шороонд дарагдсан. Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.

[26] Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд Та надад хариулсан билээ.

[27] Өөрийн зарлигуудыг надад заагаач. Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач. Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.

[28] Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг. Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч.

[29] Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч.

[30] Би итгэлтэй замыг сонгосон юм. Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ.

[31] Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг. ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!

[32] Та зүрхийг минь уужруулах учир Би Таны тушаалуудын замаар гүйх болно.

[33] Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач. Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө.

[34] Би Таны хуулийг мөрдөж, Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач.

[35] Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач, Учир нь би түүнд баярладаг билээ.

[36] Зүрхийг минь олз уруу бус, Өөрийн гэрчлэл уруу хандуулаач.

[37] Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч.

[38] Танаас эмээх айдсыг төрүүлдэг Өөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач.

[39] Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач. Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ.

[40] Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна. Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.

[41] Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл, Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.

[42] Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно. Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.

[43] Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач. Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.

[44] Ингэвэл би Таны хуулийг үргэлж, Мөнхийн мөнхөд сахина.

[45] Би Таны тушаалуудыг хайдаг учраас Чөлөөтэй алхах болно.

[46] Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөд Ичихгүй байх болно.

[47] Би өөрийн хайрладаг Таны тушаалуудад баясах болно.

[48] Би өөрийн хайрладаг Таны тушаалууд уруу гараа өргөх болно. Би Таны зарлигуудыг бясалгана.

[49] Таны надад найдварыг өгсөн, Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач.

[50] Таны үг намайг сэргээсэн нь Миний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм.

[51] Бардам хүн намайг ихэд тохуурхдаг, Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.

[52] Өө, ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санасан бөгөөд Өөрийгөө тайтгаруулдаг.

[53] Таны хуулийг огоорсон Хорон муу хүнээс болж шатам их зэвүүцэл намайг барин авсан.

[54] Миний аян замын өргөөнд Таны зарлигууд бол миний дуу юм.

[55] Өө, ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж, Таны хуулийг сахьдаг.

[56] Би Таны тушаалуудыг биелүүлдэг нь Минийх болсон юм.

[57] ЭЗЭН бол миний хувь юм. Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.

[58] Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ. Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач.

[59] Би замуудаа тунгаан бодож, Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.

[60] Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээр Яаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм.

[61] Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн, Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ.

[62] Таны зөв шударга тогтоолуудын улмаас Би Танд талархахаар шөнө дунд босох болно.

[63] Би Танаас эмээдэг бүх хүмүүс хийгээд Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм.

[64] Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн. Өөрийн зарлигуудыг надад заагаач.

[65] Өө, ЭЗЭН, Та Өөрийн үгийн дагуу Өөрийн зарцад сайнаар хандсан билээ.

[66] Би Таны тушаалуудад итгэдэг учраас Надад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач.

[67] Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.

[68] Та бол сайн бөгөөд сайныг үйлддэг билээ. Өөрийн зарлигуудыг надад заагаач.

[69] Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог. Би бүхий л зүрхээр Таны тушаалуудыг биелүүлнэ.

[70] Тэдний зүрх сэтгэл хатуурсан, Харин би Таны хуульд баясдаг.

[71] Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.

[72] Таны амнаас гарсан хууль надад Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.

[73] Таны мутар намайг урлан бүтээсэн юм. Өөрийн тушаалуудыг надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.

[74] Би Таны үгийг хүлээдэг учраас Танаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.

[75] Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд Та итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.

[76] Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу Таны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай.

[77] Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг. Учир нь Таны хууль бол миний баясгалан юм.

[78] Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай. Харин би Таны тушаалуудыг бясалгана.

[79] Танаас эмээдэг, Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай.

[80] Би ичгүүрт орохгүйн тулд Зүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай.

[81] Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг. Би Таны үгийг хүлээдэг.

[82] Намайг "Та намайг хэзээ тайтгаруулах вэ?" гэж хэлэхэд Таны үгийн төлөө нүд минь гархилдаг.

[83] Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн Би Таны зарлигуудыг мартдаггүй.

[84] Таны зарцын өдрүүд хэд вэ? Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?

[85] Таны хуулийг үл дагагчид болох Бардам хүмүүс надад нүх ухжээ.

[86] Таны бүх тушаалууд итгэлтэй юм. Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!

[87] Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ, Гэвч би Таны тушаалуудыг огоороогүй.

[88] Надаар Таны амнаас гарах гэрчлэлийг сахиулахын тулд Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.

[89] Өө, ЭЗЭН, Таны үг тэнгэрт Мөнхөд бат тогтдог.

[90] Таны итгэлтэй байдал бүх үеийн туршид үргэлжилдэг. Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна.

[91] Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог. Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ.

[92] Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол Тэгвэл би зовлон шаналал дотроо мөхөх байсан.

[93] Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй. Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.

[94] Би Таных билээ, намайг авраач. Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм.

[95] Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг. Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.

[96] Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан ч Таны тушаал бол хэмжээлшгүй өргөн дэлгэр юм.

[97] Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.

[98] Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.

[99] Таны гэрчлэлүүд миний бясалгал учир Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.

[100] Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраас Би настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.

[101] Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулд Бүх бузар замаас хөлөө татсан юм.

[102] Та Өөрөө надад заасан учир Би Таны тогтоолуудаас гажаагүй.

[103] Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!

[104] Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.

[105] Таны үг бол миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл юм.

[106] Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.

[107] Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.

[108] Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Өөрийн тогтоолуудыг надад заагаач.

[109] Амь нас минь үргэлж гарт минь байна, Гэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм.

[110] Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан, Гэвч би Таны тушаалуудаас гажаагүй билээ.

[111] Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан. Учир нь тэд зүрхний минь баясгалан юм.

[112] Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээ Мөнхөд, эцэс хүртэл зориулсан.

[113] Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг, Харин Таны хуульд би хайртай.

[114] Та бол миний хоргодох газар ба миний бамбай. Би Таны үгийг хүлээдэг.

[115] Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлэхийн тулд Бузар мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун.

[116] Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч. Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.

[117] Би аюулгүй байж, Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд намайг тэтгээч.

[118] Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ. Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм.

[119] Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан. Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.

[120] Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айдаг юм.

[121] Би шударга ёс ба үнэн зөвийг үйлдсэн билээ. Намайг дарлагчдад минь бүү тушаагаач.

[122] Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч. Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.

[123] Миний нүд Таны авралын төлөө хийгээд Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.

[124] Өөрийн хайр энэрлийн дагуу зарцдаа хандаж, Өөрийн зарлигуудыг надад заагаач.

[125] Би Таны зарц билээ. Би Таны гэрчлэлүүдийг мэддэг байхын тулд надад ухаарлыг өгөөч.

[126] Тэд Таны хуулийг зөрчсөн тул ЭЗЭНий ажиллах цаг ирчихээд байна.

[127] Тиймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.

[128] Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.

[129] Таны гэрчлэлүүд бол гайхамшигтай. Тиймээс сэтгэл минь тэдгээрийг сахьдаг.

[130] Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг. Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.

[131] Би Таны тушаалуудад тэмүүлсэн учир Амаа том ангайн аахилсан.

[132] Таны нэрийг хайрлагсдад үйлддэг шигээ Над уруу эргэж, намайг нигүүлсээч.

[133] Миний алхмуудыг Өөрийн үгэн дээр тогтоож, Ямар ч гэм бурууд намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч.

[134] Би Таны тушаалуудыг сахихын тулд Хүний дарлалаас намайг золиоч.

[135] Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж, Өөрийн зарлигуудыг надад заагаач.

[136] Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.

[137] Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөд Таны шүүлтүүд шулуун шударга юм.

[138] Та зөв шударга ба Хэмжээлшгүй итгэлтэй байдалд Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.

[139] Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас Миний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.

[140] Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ. Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.

[141] Би дорд ба үзэн ядагдсан, Гэсэн ч би Таны тушаалуудыг мартдаггүй.

[142] Таны зөв шударга байдал бол мөнхийнх бөгөөд Таны хууль бол үнэн юм.

[143] Бэрхшээл ба зовлон надад тохиолдсон, Гэвч Таны тушаалууд бол миний баясал юм.

[144] Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу. Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.

[145] Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач! Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.

[146] Би Танд хандан хашхирсан. Намайг авраач. Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.

[147] Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг. Би Таны үгсийг хүлээдэг.

[148] Таны үгийг тунгаан бодохын тулд Би шөнийн манааны өмнө нүдээ нээдэг.

[149] Өөрийн хайр энэрлийн дагуу миний дуу хоолойг сонсооч. Өө, ЭЗЭН, Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.

[150] Хорон мууг дагагчид ойртон ирж байна. Тэд Таны хуулиас хол билээ.

[151] Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд Таны бүх тушаалууд ч үнэн билээ.

[152] Эрт үеэс Би Таны гэрчлэлүүдээс Та тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.

[153] Миний зовлонг харж, намайг авраач. Учир нь би Таны хуулийг мартдаггүй.

[154] Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч. Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.

[155] Аврал хорон муу хүмүүсээс хол байдаг. Учир нь тэд Таны зарлигуудыг эрж хайдаггүй билээ.

[156] Өө, ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм. Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.

[157] Намайг хавчигчид болон миний өстнүүд олон боловч Би Таны гэрчлэлүүдээс гаждаггүй.

[158] Би ов мэхтнүүдийг хараад, жигшдэг. Учир нь тэд Таны үгийг сахин биелүүлдэггүй.

[159] Таны тушаалуудыг хэрхэн хайрлаж буйг минь хараач. Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.

[160] Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.

[161] Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг, Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.

[162] Их олз олсон хүн шиг Би Таны үгэнд баясдаг.

[163] Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг, Харин Таны хуулийг би хайрладаг.

[164] Таны зөв шударга тогтоолуудын улмаас Би өдөрт долоон удаа Таныг магтдаг.

[165] Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.

[166] Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд Таны тушаалуудыг биелүүлдэг.

[167] Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахьдаг бөгөөд Би тэдэнд хэмжээлшгүй их хайртай.

[168] Би Таны тушаалууд ба гэрчлэлүүдийг сахьдаг, Учир нь миний бүх явдлууд Таны өмнө байдаг билээ.

[169] Өө, ЭЗЭН, миний хашхирах дуу Таны өмнө хүрэг. Өөрийн үгийн дагуу надад ухаарлыг хайрлаач.

[170] Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч. Өөрийн үгийн дагуу намайг авраач.

[171] Та надад зарлигуудаа заадаг учраас Уруул минь магтаалыг гаргаг.

[172] Таны бүх тушаалууд зөв шударга учраас Хэл минь Таны үгийн талаар дуулаг.

[173] Би Таны тушаалуудыг сонгосон учир Таны мутар надад туслахад бэлэн болог.

[174] Өө, ЭЗЭН, би Таны авралыг хүсэн тэмүүлдэг бөгөөд Таны хууль бол миний баясал юм.

[175] Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач. Өөрийн тогтоолуудыг надад туслуулаач.

[176] Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч. Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.

Дуулал — Chapters