Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:33

[1] ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНий нэрийг магтагтун. ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,

[2] ЭЗЭНий өргөөнд, Бидний Бурханы өргөөний хашаанд зогсогчид оо, та нар.

[3] ЭЗЭНийг магтагтун. Учир нь ЭЗЭН бол сайн. Түүний нэрд магтан дуулагтун. Учир нь тэр сайхан юм.

[4] Учир нь ЭЗЭН Өөртөө зориулан Иаковыг, Өөрийн өмч болгон Израилийг сонгосон билээ.

[5] ЭЗЭН бол аугаа бөгөөд Бидний Эзэн бол бүх бурхдаас илүү дээгүүр гэдгийг би мэднэ.

[6] ЭЗЭН таалдаг аливаа зүйлээ Тэнгэрт ба газарт хийгээд далайнуудад ба бүх гүн газруудад үйлддэг билээ.

[7] Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг. Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

[8] Тэрээр Египетийн уугануудыг, Хүний хүүхэд, амьтны төлийн аль алиныг цохьсон.

[9] Египет ээ, Тэр чиний дунд тэмдгүүд ба гайхамшгуудыг Фараон болон түүний бүх түшмэд дээр илгээсэн юм.

[10] Тэрээр олон үндэстнүүдийг бут цохиж, Хүчтэй хаадыг алсны дотор

[11] Аморичуудын хаан Сихон, Башаны хаан Ог болон Канааны бүх хаанчлалууд болой.

[12] Тэр тэдний газар нутгийг өв болгон Өөрийн ард түмэн болох Израильд өв болгон өгсөн.

[13] Өө, ЭЗЭН, Таны нэр мөнхийнх бөгөөд Өө, ЭЗЭН, Таны тухай дурсгал бүх үеүдэд хүрнэ.

[14] Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүж, Өөрийн зарц нарыг өршөөнө.

[15] Улс үндэстнүүдийн шүтээнүүд бол алт, мөнгө буюу Хүний гарын бүтээл юм.

[16] Тэд амтай боловч ярьдаггүй. Тэд нүдтэй боловч хардаггүй.

[17] Тэд чихтэй боловч сонсдоггүй, Тэдний аманд ямар ч амьсгал байхгүй билээ.

[18] Тэднийг бүтээдэг хүмүүс, Тэдэнд итгэгчид бүгдээрээ тэдэнтэй адилхан болно.

[19] Израилийн гэр ээ, ЭЗЭНийг магтагтун. Аароны гэр ээ, ЭЗЭНийг магтагтун.

[20] Левийн гэр ээ, ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.

[21] Иерусалимд оршин суудаг ЭЗЭН Сионоос магтагдах болтугай. ЭЗЭНийг магтагтун!

Дуулал — Chapters