Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:19

[1] Бурхан, залбиралд минь чих тавиач. Намайг гуйхад бүү нуугдаач.

[2] Намайг анхааран сонсож, надад хариулаач. Би гомдол дотроо шаналж, үнэхээр санаа алдаж байна.

[3] Энэ нь дайсны дуу болон Хорон муу хүний дарамтаас болсон болой. Учир нь тэд надад хор хөнөөл авчирдаг бөгөөд Уур дотор тэд намайг үзэн яддаг.

[4] Миний дотор зүрх минь шимширч, Үхлийн аюулууд ч намайг нөмөрсөн.

[5] Айдас, чичрэл надад ирж, Би аймшигт автжээ.

[6] "Би тагтаа шиг жигүүртэй байсан ч болоосой! Тэгвэл би зайлан нисэж, амрахсан.

[7] Харагтун, би алс хол дайжиж, Цөлд саатан суух байсан. Села

[8] Би хуй салхи, шуурганаас Хоргодох газар уруугаа яаран очих байсан" гэж би хэлэв.

[9] Би хотод хүчирхийлэл болон маргааныг харсан учир Үймүүлээч, Эзэн, тэдний хэлүүдийг хутгалдуулаач.

[10] Тэд өдөр, шөнөгүй хэрмэн дээгүүр нь тойрон явдаг бөгөөд Түүний дотор гэм буруу болон худал байдаг.

[11] Түүний дотор сүйрэл бий. Дарлал болон мэхлэл гудамжнаас нь салдаггүй.

[12] Учир нь энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ. Тийм байсан бол би тэсэхсэн. Мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг намайг үзэн ядагч ч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.

[13] Гэвч энэ бол надтай нэг зиндаатай хүн болох чи, Миний анд нөхөр ба миний дотны найз билээ.

[14] Бид хамтдаа амттай яриа дэлгэж, Бурханы өргөөнд олон хүмүүсийн дундуур алхаж байсан.

[15] Тэдэн дээр үхэл гэнэт ирэг. Тэд Үхэгсдийн орон уруу амьдаараа яваг. Учир нь бузар муу нь тэдний амьдардаг газар, тэдний дунд байна.

[16] Би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна.

[17] Үдэш, өглөө болон үд дунд ч би гомдоллон, үглэх бөгөөд Тэрээр дууг минь сонсоно.

[18] Надтай тэмцэлдэгч тэд олон учраас Тэр сэтгэлийг минь миний эсрэг буй тулалдаанаас амар тайвнаар аварна.

[19] Эртнээс сэнтийнд залран буй нэгэн болох Бурхан сонсоод тэдэнд хариулна. Села Тэд өөрчлөгддөггүй бөгөөд Бурханаас эмээдэггүй.

[20] Тэр өөртэй нь амар тайван байгчдын эсрэг гараа сунгажээ. Тэр өөрийн гэрээг зөрчжээ.

[21] Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд сугалсан илд мэт байв.

[22] Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.

[23] Харин ч, Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цус урсгагч, мэхлэгч хүмүүс насныхаа хагасыг ч амьдрахгүй. Харин би Танд итгэх болно.

Дуулал — Chapters