[1] Буга усны урсгалуудыг хүсэхийн адил Миний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг.
[2] Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг. Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?
[3] Хүмүүс надад "Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэд Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.
[4] Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж, Баяр хийгээд талархал өргөх дуугаар Тэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа. Эдгээр зүйлсийг л би санаж, Сэтгэлдээ шаналан өвдөж байна.
[5] Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ? Бурханд найд, Учир нь Түүний оршихуйн авралын төлөө Би Түүнийг дахин магтах болно.
[6] Бурхан минь ээ, сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна. Тиймээс би Таныг Иордан нутаг, Хермон ба Мизар уулаас дурсдаг.
[7] Таны хүрхрээнүүдийн дуунд гүн далай бие биеэ дууддаг. Таны давалгаа, долгио намайг нөмрөв.
[8] ЭЗЭН өдрөөр өөрийн хайр энэрлийг тушаана. Мөн шөнөөр Түүний дуу болох Миний амьдралын Бурханд хандсан залбирал надтай хамт байна.
[9] Би өөрийн хад Бурханд "Юунд Та намайг мартсан бэ? Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?" гэж хэлнэ.
[10] Миний ясыг бяцлах шиг миний өстнүүд намайг буруутгадаг. Тэд надад "Чиний Бурхан хаана байна?" гэж өдөржин хэлдэг.
[11] Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймүүлэгдсэн бэ? Бурханд найд, Учир нь би өөрийн туслагч болон өөрийн Бурханыг, Түүнийг л магтах болно.