Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:56

[1] ЭЗЭНд талархлыг өргөж, Түүний нэрийг дуудагтун. Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.

[2] Түүнд дуу, Түүнд магтан дуулагтун. Түүний бүх гайхамшгуудын тухай тунхагла.

[3] Түүний ариун нэрээр сайрх. ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай.

[4] ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн. Түүний нүүр царайг үргэлж хайгтун.

[5] Түүний үйлдсэн гайхамшгуудыг нь, Түүний гайхамшигт юмс болоод Түүний амнаас гарах шүүлтийг санагтун.

[6] Абрахамын үр удам, Түүний зарц, Иаковын хөвгүүд, Түүний сонгосон хүмүүс ээ!

[7] Тэр бол бидний Бурхан ЭЗЭН юм. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байдаг.

[8] Тэр Өөрийн гэрээг буюу Мянган үеийнхэнд Өөрийн тушаасан үгийг мөнхөд санасан.

[9] Энэ бол Абрахамтай Түүний байгуулсан гэрээ болон Исаакт тавьсан Түүний тангараг юм.

[10] Тэгээд Тэр түүнийг Иаковд тогтоол болгон, Израильд мөнхийн гэрээ болгон баталсан юм.

[11] Ингэхдээ "Би чамд Канаан нутгийг Та нарын өв залгамжлалын хувь болгон өгнө" гэсэн юм.

[12] Тэгэхэд тэд тоогоор цөөхөн, Маш цөөхөн бөгөөд тэр нутагт харийн хүмүүс байв.

[13] Тэд үндэстнээс үндэстэн уруу, Нэг хаанчлалаас өөр хүмүүс уруу тэнүүчилсэн.

[14] Тэр тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөд Тэдний төлөө хаадыг ч зэмлэн

[15] "Миний тослогдогчдод бүү хүр, Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ" гэв.

[16] Тэрээр тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлсэн. Тэр талхны бүх нөөцийг үгүй болгосон.

[17] Тэр тэдний өмнө нэг хүнийг буюу Боол болон худалдагдсан Иосефыг илгээсэн.

[18] Тэд түүний хөлийг дөнгөлсөн. Тэр өөрөө төмрөөр гинжлэгдсэн.

[19] Энэ нь түүний үгс биелэгдэх хүртэл байв. ЭЗЭНий үг түүнийг туршсан.

[20] Хаан хүмүүсийг илгээж, түүнийг сулласан, Үндэстнүүдийн захирагчдыг явуулж түүнийг чөлөөлсөн.

[21] Тэр түүнийг өөрийн гэрийн эзэн, Өөрийн бүх эзэмшлийн захирагч болгосон.

[22] Ингэсэн нь тааллаар ноёдыг хянахын тулд бөгөөд Түүгээр өөрийн ахлагчдад мэргэн ухааныг заалгахын тулд болой.

[23] Израиль ч бас Египетэд ирсэн. Ингэж Иаков Хамын нутагт түр суусан.

[24] Тэр Өөрийн ард түмнийг өнөр өтгөн болохыг зөвшөөрч, Тэднийг өстнүүдээс нь илүү хүчтэй болгосон.

[25] Тэр тэдний зүрхийг Өөрийнх нь хүмүүсийг үзэн ядахаар Өөрийнх нь зарц нарыг залилахаар эргүүлсэн.

[26] Тэр Өөрийн зарц Мосег, Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.

[27] Тэд хүмүүсийн дунд Түүний гайхамшигт үйлсийг, Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн.

[28] Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон. Тэд Түүний үгсийг эсэргүүцсэнгүй.

[29] Тэр тэдний усыг цус болгон хувиргаж, Загасыг нь үхүүлсэн.

[30] Тэдний нутаг мэлхийгээр дүүрч, Тэдний хааны ордонд ч орж ирсэн.

[31] Түүнийг айлдсанд ялаан сүрэг, Бүх нутаг дэвсгэрт нь бөөс орж иржээ.

[32] Тэр тэдэнд борооны оронд мөндөр оруулж, Тэдний нутагт галтай дөлийг буулгасан.

[33] Тэр бас тэдний усан үзмийн модод ба инжир моддыг нь хуга цохиж, Нутаг хязгаарынх нь моддыг цавчсан.

[34] Түүнийг айлдсанд царцаа буюу Тоо томшгүй олон залуу царцаа ирж,

[35] Тэдний нутгийн бүх ногоог, Газрынх нь үр жимсийг идэж цөлмөсөн.

[36] Тэр бас тэдний нутгийн бүх ууган хөвгүүдийг, Тэдний хүч тэнхээний анхны үр жимсийг цохин унагаасан.

[37] Дараа нь Тэр тэднийг алт мөнгөөр гаргасан бөгөөд Түүний овгуудын дотор бүдэрсэн хүн нэг ч байгаагүй.

[38] Тэднийг хөдлөн явах үед Египет баяртай байсан. Учир нь тэднээс айх айдаст тэд автжээ.

[39] Тэрээр хөшиг болгон үүлсийг, Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг тараасан.

[40] Тэднийг гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирж, Тэднийг тэнгэрийн талхаар хангасан.

[41] Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарав. Тэр нь хуурай газруудаар гол мэт урссан.

[42] Учир нь Тэр Өөрийн ариун үгийг, Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан юм.

[43] Тэр Өөрийн хүмүүсийг баяр хөөртэйгээр, Өөрийн сонгосон хүмүүсийг баярт уухайгаар гарган авчирсан.

[44] Тэр бас тэдэнд үндэстнүүдийн газар нутгийг өгсөн нь Хүмүүсийн хөдөлмөрийг тэднийх болгуулахын тулд юм.

[45] Энэ нь тэднээр Өөрийн зарлигуудыг сахиулж, Өөрийн хуулиудыг даган мөрдүүлэхийн тулд байв. ЭЗЭНийг магтагтун.

Дуулал — Chapters