Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:11

[1] Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана.

[2] Өдөр бүр би Таныг магтаж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана.

[3] ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ.

[4] Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж, Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана.

[5] Таны сүр хүчний цог жавхлант яруу алдар болон Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно.

[6] Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд Би ч Таны агуу байдлыг тунхаглана.

[7] Тэд Таны элбэг баян сайн сайхны дурсгалыг хичээнгүйлэн ярих бөгөөд Би ч Таны зөв шударгын тухай баяртайгаар хашхирна.

[8] ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм.

[9] ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг.

[10] Өө, ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөд Таны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана.

[11] Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярьж, Таны сүр хүчний талаар өгүүлнэ.

[12] Энэ нь хүний хөвгүүдэд Таны хүчит үйлс болон Таны хаанчлалын сүр жавхлангийн яруу алдрыг мэдүүлэхийн тулд болой.

[13] Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөд Таны ноёрхол бол бүх үеийнхний туршид үргэлжилнэ.

[14] ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж, Сөхөрсөн бүхнийг босгодог.

[15] Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөд Та товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ.

[16] Та мутраа дэлгэн, Бүх амьтны хүслийг хангадаг юм.

[17] ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга, Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.

[18] ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг.

[19] Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна.

[20] ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг, Харин бүх хорон муу хүнийг Тэр устгана.

[21] Миний ам ЭЗЭНий магтаалыг өгүүлэх бөгөөд Бүх махан биес Түүний ариун нэрийг үүрд мөнхөд магтацгаана.

Дуулал — Chapters