[1] ЭЗЭН, надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч. Надтай тулалдагчидтай тулалдаач.
[2] Халхавч, бамбайгаа барин Надад туслахаар босооч.
[3] Намайг мөрдөгчидтэй тулгарахаар жад, сүхээ сугал. Миний сэтгэлд хандан "Би бол чиний аврал!" гэж хэл.
[4] Миний амийг хайгчдыг шившиг болгож, ичгүүрт унагаагаач. Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг буцааж, дорд болгооч.
[5] Тэднийг ЭЗЭНий тэнгэр элчээр туугдаж буй, Салхинд хийсэх будааны хальс мэт болгооч.
[6] ЭЗЭНий тэнгэр элчээр тэднийг хөөлгөн Замыг нь харанхуй, халтиргаатай болгооч.
[7] Учир нь ямар ч шалтгаангүйгээр тэд намайг барихаар тор тавьсан, Ямар ч шалтгаангүйгээр тэд миний сүнсэнд нүх ухсан.
[8] Түүнийг мэдээгүй байхад сүйрлийг түүнд ирүүлж, Өөрийнх нь нуусан тор өөрийг нь бариг. Тэр л сүйрэлд түүнийг унагаагаач.
[9] Миний сэтгэл ЭЗЭНд баярлаж, Түүний авралд баясна.
[10] Миний бүх яснууд "ЭЗЭН, хэн тантай адил вэ? Хэн зүдэрсэн хүнийг өөрөөс нь илүү хүчтэй нэгнээс, Мөн зүдэрсэн ба гачигдсан хүнийг өөрөөс нь дээрэмддэг нэгнээс авардаг вэ?" гэх болно.
[11] Хэрцгий гэрч нар босдог. Тэд миний мэдэхгүй зүйлсийг надаас байцаадаг.
[12] Тэд сэтгэлийг минь өнчрүүлэн Тусыг минь усаар хариулдаг.
[13] Харин миний хувьд тэднийг өвчтэй байхад би тааран хувцас өмссөн. Би сэтгэлээ мацгаар зовоосон бөгөөд Миний залбирал цээжинд минь буцан ирсээр байв.
[14] Би өөрийн найз, эсвэл ах дүүдээ юм шиг тэдэнд үйлдсэн. Би эхийн хойноос гашууддаг нэгэн шиг гашуудан бөхийсөн.
[15] Харин намайг бүдэрсэнд тэд баярлан хамтран цуглав. Миний мэддэггүй байсан довтлогчид миний эсрэг цуглаж, Зогсоо зайгүй намайг гүжирдсэн.
[16] Найран дээрх бурхангүй тохуурхагчид мэт Тэд над уруу шүдээ хавирсан.
[17] Эзэн, Та хэдий болтол харж суух вэ? Миний сэтгэлийг тэдний хор хөнөөлүүдээс, Миний цорын ганц амийг арслангуудаас авраач!
[18] Би Танд их чуулганд талархал өргөнө. Би Таныг хүчит олон түмний дунд магтах болно.
[19] Худал яригч дайснуудыг минь надаас болж бүү баясга. Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын нүдийг ч бүү хялалзуул.
[20] Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй, Харин газар нутагт аниргүй оршигчдын эсрэг хуурмаг үгсийг зохиодог.
[21] Тэд над уруу амаа том ангайлгадаг. Тэд "Аа, аа, бидний нүд үүнийг харлаа!" гэжээ.
[22] ЭЗЭН, Та үүнийг харсан билээ. Бүү дуугүй байгаач. Эзэн, надаас бүү хол байгаач.
[23] Миний Бурхан, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар, Миний хэргийн төлөө босооч.
[24] Миний Бурхан ЭЗЭН, Өөрийн зөв шударгын дагуу намайг шүүж, Надаас болж тэднийг бүү баясгаач.
[25] Тэднийг "Аа, бидний хүсэл биеллээ!" гэж зүрхэнд нь бүү хэлүүлээч. Тэднийг "Бид түүнийг залгисан!" гэж бүү хэлүүлээч.
[26] Миний зовлон зүдгүүрт баясагчдыг бүгдийг ичгүүрт унаган дорд болгооч. Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг ичгүүр, гутамшигт оруулаач.
[27] Миний зөвтгөлд баярлагчид Баясан хашхирч, баярлан хөөрөг. Тэднээр "Өөрийн зарцын сайн сайхан байдалд баярладаг ЭЗЭН дээдлэгдэх болтугай!" гэж үргэлжлүүлэн хэлүүлээч.
[28] Миний хэл ч Таны зөв шударгыг болон Таны магтаалыг өдөржин тунхаглана.