Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:43

[1] Бүх газар дэлхий, Бурханд баяртайгаар хашхир.

[2] Түүний нэрд сүр жавхланг дуул. Түүний магтаалыг сүр жавхлантай болго.

[3] Бурханд "Таны үйлс хичнээн сүрлэг вэ! Таны хүчний агуугаас дайснууд тань Таны өмнө зусардан бялдуучилна.

[4] Бүх дэлхий Танд мөргөж, Таныг магтан дуулна. Тэд Таны нэрийг магтан дуулна. Села

[5] Ирээд, хүний хөвгүүдэд хандсан үйлс дотор сүрдмээр Бурханы ажлуудыг үз.

[6] Тэрээр далайг хуурай газар болгосон. Тэд хөлөөрөө алхаж голыг гаталжээ. Тэнд бид Түүний дотор баярлацгаая!

[7] Тэр Өөрийн чадлаар мөнхөд захирдаг. Түүний мэлмий үндэстнүүд уруу харсаар байдаг. Тэрслэгчдэд өөрсдийгөө өргөмжлөхийг бүү зөвшөөр. Села

[8] Хүмүүс ээ, бидний Бурханыг магтаж, Түүний магтаалыг гадагш сонсгогтун.

[9] Тэр биднийг амьд байлгаж, Бидэнд хөл алдахыг зөвшөөрдөггүй.

[10] Бурхан, Та биднийг сорьсон билээ. Мөнгийг цэвэршүүлдэг мэт Та биднийг цэвэршүүлсэн.

[11] Та биднийг торонд оруулсан. Та бидний ууц нуруунд дарах ачааг үүрүүлсэн.

[12] Та хүмүүсийг бидний толгой дээгүүр мордуулсан. Бид гал ба усан дундуур гарсан, Гэлээ ч Та биднийг элбэг баян газарт авчирсан билээ.

[13] Би Таны өргөөнд шатаалт тахилуудыг авч орно. Би Танд тангарагласнаа биелүүлнэ.

[14] Намайг зовлон зүдгүүрт байхад уруул минь гаргаж, Ам минь ингэж хэлсэн.

[15] Би Танд тарган малаар шатаалт тахилуудыг Хуцнуудын утаатай хамт өргөнө. Би бухнуудыг ухнуудтай хамт өргөнө. Села

[16] Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс, Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.

[17] Би амаараа Түүнд хандан хашхирсан бөгөөд Хэлээрээ Түүнийг өргөмжилсөн.

[18] Хэрэв Би зүрхэндээ хорон мууг хүндэтгэсэн бол Эзэн сонсохгүй.

[19] Харин Бурхан үнэхээр сонссон юм. Тэр миний залбирлын дуунд чих тавьсан.

[20] Миний залбирлыг ч, Надаас Өөрийн хайр энэрлийг ч буцаасангүй. Бурхан магтагдах болтугай.

Дуулал — Chapters