[1] ЭЗЭН, Та намайг дээшээ өргөж, Миний дайснуудыг надаас болж баярлуулаагүй учраас Би Таныг өргөмжилнө.
[2] Миний Бурхан ЭЗЭН, Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Та намайг эдгээсэн.
[3] ЭЗЭН, Та миний сэтгэлийг Үхэгсдийн орноос татан гаргасан. Би нүх уруу доошоо явахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн.
[4] Түүний бурханлаг хүмүүс ээ, Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж, Түүний ариун нэрд талархал өргөгтүн.
[5] Учир нь Түүний уур хилэн агшин зуурынх, Мөн Түүний ивээл насан туршийнх. Шөнөжин уйлаан байж болно, Харин өглөөд баярын хашхираан ирдэг.
[6] Миний хувьд гэвэл, би таатай нөхцөлдөө "Би хэзээ ч ганхахгүй" гэсэн.
[7] ЭЗЭН, Өөрийн ивээлээр Та миний уулыг бат тогтоосон. Та Өөрийн нүүр царайг нуусанд би сэтгэл зовж байв.
[8] ЭЗЭН, Тан уруу би хашхирч, ЭЗЭНд би гуйлтыг өргөсөн.
[9] "Би доошоо нүх уруу очвол миний цус ямар ашигтай вэ? Тоос шороо Таныг магтах уу? Тэр нь Таны итгэлтэй байдлыг тунхаглах уу?
[10] ЭЗЭН, сонсоод намайг нигүүлсээч. ЭЗЭН, миний туслагч болооч".
[11] Та надад уй гашууг минь бүжиг болгосон. Та тааран хувцсыг минь тайлан надад баяр хөөрийг өмсгөсөн.
[12] Ингэсэн нь би дуугүй байхгүй бөгөөд Сэтгэлээрээ Танд магтаалыг дуулахын тулд болой. Миний Бурхан ЭЗЭН, би Танд мөнхөд талархана.