[1] ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм. Хэнээс би айх юм бэ?
[2] Миний өстөн ба дайснууд болох Бузар мууг үйлдэгчид махан биеийг минь залгихаар над уруу ирэхдээ Бүдэрч унацгаасан.
[3] Түмэн цэргүүд намайг бүслэвч Миний зүрх айхгүй. Миний эсрэг дайн гарсан ч, Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно.
[4] Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахын тулд Би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан.
[5] Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно. Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно. Тэр намайг хадан дээр гаргана.
[6] Тэгээд миний толгой намайг тойрсон дайснуудын минь дээр өргөмжлөгдөж, Би Түүний майханд баяр хөөртэйгөөр өргөлүүдээ өргөнө. Би дуулна. Тийм ээ, би ЭЗЭНд магтаалуудыг дуулна.
[7] ЭЗЭН, намайг дуу хоолойгоороо хашхирахад сонсож, Намайг нигүүлсэж, надад хариулаач.
[8] Та "Миний царайг эрэн хайгтун" гэхэд Миний зүрх Танд "ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой" гэж хэлжээ.
[9] Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач. Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч. Та миний тусламж байсаар ирсэн. Миний авралын Бурхан, Намайг бүү хаяж, бүү орхиоч.
[10] Миний эцэг, эх намайг орхисон, Харин ЭЗЭН намайг босгоно.
[11] ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж, Дайснуудын минь учир намайг шулуун жимээр удирдаач.
[12] Хүчирхийллийн амьсгал гаргагчид болон Худал гэрчлэгчид миний эсрэг боссон тул Намайг өстөнгүүдийн минь хүсэлд бүү даатгаач.
[13] Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн.
[14] ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн. Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун. Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.