Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:05

[1] ЭЗЭН бол аугаа бөгөөд Бидний Бурханы хот болох Түүний ариун ууланд Агуугаар магтагдах болтугай.

[2] Бүх дэлхийн баяр хөөр болох Хойд хязгаарт буй Сион уул буюу Их Хааны хот өргөгдөхдөө үзэсгэлэнтэй юм.

[3] Түүний орднуудад Бурхан Өөрийгөө хүчит цайз хэмээн таниулсан.

[4] Учир нь үз, хаад цуглаж, хамтдаа явж өнгөрөв.

[5] Тэд түүнийг үзээд гайхаж байв. Тэд айсан бөгөөд түгшүүртэйгээр зугтав.

[6] Тэнд тэд үймээн самуунд, Төрж буй эмэгтэйнх шиг өвчин шаналалд автжээ.

[7] Дорны салхиар Та Таршишийн усан онгоцнуудыг хэмхэчдэг.

[8] Түмэн цэргийн ЭЗЭНий хот, бидний Бурханы хотод Бид сонссон шигээ харсан билээ. Бурхан түүнийг мөнхөд байгуулна. Села

[9] Бурхан, бид Таны сүмийн голд Таны хайр энэрлийг бодсон.

[10] Бурхан, Таны нэр ямар байдаг шиг Таны магтаал ч газрын хязгааруудад тийн хүрдэг. Таны баруун мутар зөв шударгаар дүүрэн.

[11] Таны шүүлтээс болж Сион Уулыг баярлуулж, Иудагийн охидыг баясуулаач.

[12] Сионоор алхаж, түүнийг тойрон яв. Цамхгуудыг нь тоол.

[13] Түүний хэрмүүдийг тунгаан бод. Хойч үедээ дамжуулан ярихын тулд түүний орднуудаар дамжин яв.

[14] Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ. Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно.

Дуулал — Chapters