[1] ЭЗЭНийг магтагтун! Учир нь бидний Бурханд магтан дуулах нь сайн билээ. Учир нь магтах нь тааламжтай болон зохистой байна.
[2] ЭЗЭН Иерусалимыг босгон барьдаг. Тэрээр Израилийн таран бутрагсдыг цуглуулдаг.
[3] Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, Тэдний шархыг боодог.
[4] Тэрээр оддыг тоолдог. Тэр тэд бүгдэд нэр өгдөг.
[5] Бидний Эзэн агуу болоод хүч чадлаар дүүрэн. Түүний оюун ухаан хязгааргүй юм.
[6] ЭЗЭН зовогсдыг түшдэг. Тэр хорон муу хүнийг газарт унагадаг.
[7] ЭЗЭНд талархалтайгаар дуулагтун. Бидний Бурханд ятгаар магтан дуулагтун.
[8] Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн, Газар дэлхийд бороог бэлтгэж, Уулс дээр зүлэг ногоог ургуулдаг.
[9] Тэр араатан амьтанд хийгээд Гуаглан байгаа залуу хэрээнүүдэд хоол хүнсийг нь өгдөг.
[10] Тэрээр морины хүч чадалд бахддаггүй. Тэрээр хүний хөлд ч баярладаггүй.
[11] ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг, Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг.
[12] Иерусалим аа, ЭЗЭНийг магтагтун! Сион оо, өөрийн Бурханыг магтагтун!
[13] Учир нь Тэр чиний дааман хаалгуудын оньсыг бат бэх болгосон юм. Тэр та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөсөн.
[14] Тэр танай хил хязгаарт энх тайвныг тогтоодог. Тэр та нарыг хамгийн сайн улаан буудайгаар хангадаг.
[15] Тэр Өөрийн тушаалыг дэлхийд илгээдэг. Түүний үг маш хурдан тархдаг.
[16] Тэр цасыг ноос шиг зулан буулгадаг. Тэр цан хярууг үнс шиг тараадаг.
[17] Тэр Өөрийн мөндрийг үйрмэг шиг цацдаг. Хэн Түүний жаврыг сөрөн зогсож чадах вэ?
[18] Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг. Тэр салхиа үлээлгүүлж, их усыг урсгадаг.
[19] Тэр Өөрийн үгийг Иаковд, Өөрийн зарлиг ба тогтоолуудыг Израильд тунхагладаг.
[20] Тэр өөр аль ч үндэстэнд ийнхүү хандаагүй. Тэд Түүний тогтоолуудыг ч мэддэггүй билээ. ЭЗЭНийг магтагтун!