Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:52

[1] Өө, Эзэн, Та үеийн үед бидний орших газар байсан билээ.

[2] Уулс бий болохоос ч өмнө, Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө, Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан.

[3] Та хүнийг тоос шороо уруу нь буцаан, Айлдахдаа "Хүний хүүхдүүд ээ, буцагтун" гэдэг.

[4] Учир нь Таны мэлмийд мянган жил бол Өнгөрөн одож буй өчигдөр мэт, Эсвэл шөнийн манаа мэт буюу.

[5] Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ. Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт байдаг.

[6] Өглөө тэр нь цэцэглэж, шинээр соёолдог. Үдэш дөхөхөд тэр нь хагдран хатдаг.

[7] Учир нь бид Таны уур хилэнгээр шатаагдаж, Таны уур хилэнгээс бид айсан.

[8] Та бидний гэм бурууг Өөрийнхөө өмнө, Бидний нууцыг Өөрийн оршихуйн гэрэлд байрлуулсан.

[9] Учир нь бүх өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн. Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан.

[10] Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм. Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил, Гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь удалгүй энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог.

[11] Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ?

[12] Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд Өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч.

[13] Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ? Өөрийн зарц нарыг өрөвдөөч.

[14] Биднийг баясгалантайгаар дуулж, насан туршид баярлан байхын тулд Өглөөд биднийг Өөрийн хайр энэрлээр хангаач.

[15] Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор болон Бидний хор хохирол үзсэн жилүүдийн тоогоор биднийг баярлуулаач.

[16] Өөрийнхөө үйлсийг зарц нартаа, Өөрийнхөө сүр жавхланг хүүхдүүдэд нь үзүүлээч.

[17] Бидний Бурхан Эзэний ивээл бидэн дээр байх болтугай. Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч, Тийм ээ, бидний гарын үйлсийг бат тогтоогооч.

Дуулал — Chapters