[1] Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай.
[2] ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад минь, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм.
[3] Магтуулах зохистой ЭЗЭНийг би дуудаад, Өөрийн дайснуудаас би аврагдсан.
[4] Үхлийн утас намайг хэрж, Бурханлаг бусын цутгалууд намайг айлгажээ.
[5] Үхэгсдийн орны утас намайг хүрээлжээ. Үхлийн урхинууд миний өмнө тулгарчээ.
[6] Өөрийн зовлондоо би ЭЗЭНийг дуудаж, Өөрийн Бурхан уруу хандан хашхирсанд Тэр Өөрийн сүмээс миний дуу хоолойг сонсож, Түүний өмнө буй хашхирах дуу минь Түүний сонорт хүрсэн билээ.
[7] Тэгээд газар дэлхий чичрэн доргив. Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.
[8] Түүний хамраас утаа гарч, Түүний амнаас гал манаран шатаажээ. Тэрхүү галд нүүрс ноцсон.
[9] Тэрээр тэнгэрийг ч бөхийлгөн, хөл доороо гүн харанхуйтайгаар бууж ирсэн.
[10] Тэрээр херуб хөлөглөн нисэв. Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив.
[11] Тэрээр харанхуйг Өөрийн нуугдах газар, Усны харанхуй, огторгуйн өтгөн үүлсийг Өөрийн эргэн тойрон дахь хөшиг болгосон.
[12] Түүний өмнөх гэгээнээс Түүний өтгөн үүлс, Мөндөр болон галтай нүүрс нүүжээ.
[13] ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж, Хамгийн Дээд Нэгэн Өөрийн дуу, мөндөр ба галтай нүүрсийг буулгасан юм.
[14] Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж, Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн.
[15] Тэгээд, ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор Усны урсгалууд үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гаргагджээ.
[16] Тэрээр дээрээс илгээж, намайг авсан. Их уснаас Тэр намайг татан гаргасан.
[17] Тэр намайг хүчит дайснаас минь болон намайг үзэн ядагчдаас аварсан. Учир нь тэд миний хувьд дэндүү хүчтэй байв.
[18] Тэд зовлон гамшгийн өдөрт минь надтай тулгарсан, Гэвч ЭЗЭН миний түшиг байв.
[19] Мөн Тэр намайг уужим газар уруу аваачсан. Тэр намайг таалсан учир намайг аварсан билээ.
[20] ЭЗЭН намайг зөв шударгын минь дагуу шагнасан, Гарын минь цэвэр байдлаар Тэр надад хариулсан.
[21] Учир нь би ЭЗЭНий замыг баримталж, Өөрийн Бурханаас хорон муугаар салаагүй.
[22] Түүний бүх тогтоолууд миний өмнө байсан бөгөөд Би Түүний зарлигуудыг өөрөөсөө холдуулаагүй.
[23] Би бас Түүний өмнө гэм зэмгүй байж, Би өөрийгөө гэм нүглээсээ сахин хамгаалсан.
[24] Тиймээс ЭЗЭН надад зөв шударгын минь дагуу, Түүний мэлмийд миний гарын цэвэр байдлаар хариулсан.
[25] Энэрэнгүй хүмүүст Та Өөрийн энэрлийг үзүүлдэг. Шулуун шударга хүмүүст Та Өөрийн төгс чанарыг үзүүлдэг.
[26] Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг, Хуурамч хүмүүст Та Өөрийн овжин байдлаа харуулдаг.
[27] Та зовж зүдэрсэн хүмүүсийг авардаг, Харин ихэмсэг харцыг Та номхтгодог.
[28] Та миний дэнлүүг асаадаг. Миний Бурхан ЭЗЭН харанхуйг минь гийгүүлж өгдөг.
[29] Танд түшиглэн би их цэргийн эсрэг гүйж чадна. Бурхандаа түшиглэн би хана давж чадна.
[30] Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий үг шалгагдсан. Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм.
[31] ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
[32] Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж, Миний замыг шулуун болгодог.
[33] Тэр миний хөлийг согооных шиг болгож, Өндөрлөг газруудад минь намайг суулгадаг.
[34] Тэр миний гарыг тулалдаанд сургадаг нь Миний гар хүрэл нумыг хөвчилж чадахын тулд юм.
[35] Та Өөрийн авралын бамбайг надад мөн өгсөн бөгөөд Таны баруун мутар намайг түшдэг. Таны дөлгөөн байдал намайг агуу болгодог.
[36] Та миний алхах замыг өргөсгөдөг, Тиймээс миний хөл бүдрээгүй.
[37] Би дайснуудаа нэхэн хөөж, гүйцэж, Тэднийг сөнөхөөс нааш би эргэсэнгүй.
[38] Дахин босож чадахгүй болтол би тэднийг бут цохьсон. Тэд миний хөл доор унав.
[39] Та намайг тулалдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсэглэжээ. Миний эсрэг босогчдыг миний доор Та оруулсан билээ.
[40] Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөд Намайг үзэн ядагчдыг би устгалаа.
[41] Тэд хашхирсан боловч аврах хэн ч байгаагүй, ЭЗЭНд хандсан боловч Тэр тэдэнд хариулаагүй юм.
[42] Тэгээд салхинд тоос шороо шиг би тэднийг бутаргадаг. Гудамжны шавар шалбааг шиг би тэднийг цацсан юм.
[43] Та намайг хүмүүсийн довтлолт халдлагаас аварсан юм. Та намайг үндэстнүүдийн тэргүүн мэт болгосон. Миний мэддэггүй хүмүүс надад зарагддаг.
[44] Тэд сонсонгуутаа намайг дагадаг. Харь хүмүүс надад захирагддаг.
[45] Харь хүмүүс сульдан доройтож, Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.
[46] ЭЗЭН амьд. Миний хад магтагдах болтугай. Миний авралын Бурхан өргөмжлөгдөх болтугай.
[47] Тэрээр Миний төлөө өшөө авч, Надад үндэстнүүдийг захируулдаг Бурхан юм.
[48] Тэр намайг дайснуудаас минь авардаг. Намайг эсэргүүцэгчдийн дээр Та намайг үнэхээр өргөдөг юм. Хүчирхийлэгчээс Та намайг авардаг юм.
[49] Тиймээс үндэстнүүдийн дунд би Танд талархаж, ЭЗЭН Таны нэрд би магтаалуудыг дуулна.
[50] Тэр Өөрийн хаанд агуу авралыг өгч, Өөрийн тослогдогч болох Давид болон түүний үр удамд Мөнхөд хайр энэрлээ үзүүлдэг болой.