Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:08

[1] ЭЗЭН, Таны дотор би хоргодов. Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач.

[2] Өөрийн зөв шударгаар намайг авран, суллаач. Өөрийн чихээ над уруу хандуулан, намайг авраач.

[3] Надад миний байнга очиж байх хоргодох хад болооч. Та миний хад, миний бат цайз учраас Намайг аврахаар тушаасан билээ.

[4] Бурхан минь ээ, намайг хорон муу хүний гараас, Бурууг үйлдэгч ба харгис хүний атгалтаас авраач.

[5] Учир нь Та бол миний найдвар. БУРХАН Эзэн, Та бол залуугаас минь миний итгэл юм.

[6] Би төрөхөөсөө Танаар түшүүлсэн. Та бол намайг эхийн минь хэвлийгээс гаргаж авсан Нэгэн билээ. Би үргэлж Таныг магтана.

[7] Би олон хүмүүст хачин юм болсон. Учир нь Та бол миний бат бэх хоргодох газар.

[8] Миний ам Таны магтаалаар, Таны алдраар бүхэл өдөржин дүүрсэн байна.

[9] Хөгшрөх үед намайг бүү орхиоч. Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач.

[10] Учир нь миний дайснууд миний эсрэг ярилцжээ. Миний амийг отогчид хамтран хуйвалджээ.

[11] Тэгэхдээ тэд "Бурхан түүнийг хаясан. Аврах хүн байхгүй учраас түүнийг хөөж, барь" гэж хэлсэн.

[12] Бурхан, надаас бүү хол байгаач. Бурхан минь ээ, надад туслахаар хурдлаач.

[13] Миний сүнсний дайснуудыг ичгүүрт унаган, сөнөөгөөч. Намайг хорлохыг хүсэгчдийг доромжлол, ичгүүрээр нөмөргөөч.

[14] Харин би үргэлж найдаж, Таныг улам ихээр магтах болно.

[15] Миний ам Таны зөв шударга, Таны авралын талаар өдөржин ярина. Учир нь би тэдгээрийн нийлбэрийг ч мэддэггүй юм.

[16] Би БУРХАН Эзэний хүчит үйлсийг авчирна. Би Таны зөв шударгын талаар, зөвхөн Таны л тухай тунхаглана.

[17] Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан. Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.

[18] Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч. Би Таны чадлыг үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч.

[19] Учир нь аугаа зүйлсийг хийсэн Бурхан, Таны зөв шударга байдал тэнгэрт хүрсэн. Бурхан, хэн Тантай адил вэ?

[20] Надад олон зовлон зүдгүүрийг үзүүлсэн Та Намайг дахин сэргээж, Газрын гүнээс дахин татан гаргана.

[21] Та миний агуу байдлыг улам өсгөж, Намайг тайвшруулахаар эргээч.

[22] Бурхан минь ээ, би Таны үнэнийг, Таныг босоо ятгаар магтана. Израилийн Ариун Нэгэн, Би Танд ятга хөгжмөөр магтан дуулна.

[23] Би Танд магтан дуулах үед уруул минь баярлан хашхирна. Мөн Таны аварсан миний сэтгэл баясна.

[24] Хэл минь ч өдөржин Таны зөв шударгыг өгүүлнэ. Учир нь намайг хорлохыг хүсэгчид доромжлол ба ичгүүрт унасан билээ.

Дуулал — Chapters