[1] Өө, ЭЗЭН чих тавин надад хариулаач. Учир нь би зовж, гачигдаж байна.
[2] Би бурханлаг хүн учир сэтгэлийг минь хамгаалаач. Өө, миний Бурхан Та Өөрт тань итгэдэг Өөрийн зарцыг авраач.
[3] Өө, Эзэн, намайг нигүүлсээч, Учир нь Тан уруу хандан Би өдөржин хашхирдаг.
[4] Өөрийн зарцын сэтгэлийг баярлуулаач, Учир нь Эзэн Тан уруу би сэтгэлээ өргөдөг.
[5] Учир нь Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян.
[6] Өө, ЭЗЭН, миний залбирлыг чих тавин чагнаач. Миний гуйлтуудын дуунд анхаарал тавиач!
[7] Өөрийн зовлонгийн өдөр би Таныг дуудна, Учир нь Та надад хариулна.
[8] Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй, Таных шиг үйлс ч байхгүй.
[9] Өө, ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстнүүд ирж, Таны өмнө хүндэтгэн мөргөж, Тэд Таны нэрийг алдаршуулна.
[10] Учир нь Та бол агуу бөгөөд гайхамшигт үйлсийг үйлддэг. Та ганцаараа л Бурхан юм.
[11] Өө, ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч.
[12] Миний Бурхан ЭЗЭН, би бүх зүрхээрээ Танд талархаж, Таны нэрийг мөнхөд алдаршуулна.
[13] Учир нь надад хандсан Таны хайр энэрэл агуу бөгөөд Та миний сэтгэлийг Үхэгсдийн орны гүнээс аварсан.
[14] Өө, Бурхан, бардамнагч хүмүүс миний эсрэг босож, Хүчирхийлэгч хүмүүсийн бүлэглэл миний амийг хайсан бөгөөд Тэд Таныг өөрсдийнхөө өмнө залаагүй.
[15] Харин ЭЗЭН Та бол өршөөлт, нигүүлсэлт, Уурлахдаа удаан, хайр энэрэл болон үнэнээр элбэг баян Бурхан юм.
[16] Над уруу эргэж, намайг нигүүлсээч. Өөрийн зарцад Өөрийн хүчийг өгч, Шивэгчнийхээ хүүг авраач.
[17] Намайг үзэн ядагчид хараад ичихийн тулд Сайны төлөөх тэмдгийг надад үзүүлээч. Учир нь ЭЗЭН Та надад туслан, намайг тайвшруулсан.