Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:59

[1] Бурхан босож, дайснууд нь таран бутарч, Түүнийг үзэн ядагчид Түүний өмнөөс зугтаг.

[2] Утаа замхардгийн адил тэднийг хөөгөөч. Лааны тос галын өмнө хайлдгийн адил Хорон муу хүнийг Бурханы өмнө сөнөөгөөч.

[3] Харин зөв шударга хүмүүсийг баярлуул. Тэднийг Бурханы өмнө баяр хөөр болго. Тэднийг баясалтайгаар баярлуул.

[4] Бурханд дуул, Түүний нэрийг магтан дуулагтун. Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө. Түүний нэр бол ЭЗЭН. Түүний өмнө баярлан хөөрөгтүн.

[5] Эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч нь бол Өөрийн ариун газартаа буй Бурхан юм.

[6] Бурхан ганцаардагчид зориулан гэрийг бий болгодог. Тэрээр хоригдлуудыг сайн сайхан уруу дагуулдаг бөгөөд Зөвхөн тэрслэгчид л хуурай хагарсан газарт оршин суудаг.

[7] Бурхан, Таныг Өөрийн хүмүүсийг манлайлан явахад, Мөн Таныг цөл дундуур жагсан явахад Села

[8] Газар хөдөлжээ. Тэнгэрүүд ч бас Бурханы өмнө бороо дуслуулсан. Синаи уул өөрөө ч Израилийн Бурхан болох Бурханы өмнө ганхан хөдөлжээ.

[9] Бурхан, Та элбэг баян бороог хайрласан. Та Өөрийн өвийг доройтоход нь бат бэх болгожээ.

[10] Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан. Бурхан, Та Өөрийн сайнаар ядууст хангажээ.

[11] Эзэн тушаал буулгадаг. Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна.

[12] "Их цэргүүдийн хаад зугтдаг, тэд зугтдаг бөгөөд Гэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана".

[13] Хонины хашаанд хэвтэх үедээ та нар Тагтааны мөнгөөр бүрсэн жигүүр, Шижир алтаар бүрсэн өд нь мэт байдаг.

[14] Төгс Хүчит Нэгэн тэнд хаадыг тараасан үед Залмонд цас бударч байв.

[15] Бурханы уул бол Башаны уул юм. Олон өндөр оргилтой уул бол Башаны уул юм.

[16] Олон өндөр оргилтой уулс аа, Бурханы Өөрийн оршин суух газраа болгохыг хүссэн уул уруу Та нар юунд атаархан харна вэ? Үнэхээр ЭЗЭН тэнд мөнхөд оршино.

[17] Бурханы сүйх тэрэгнүүд мянгаараа, түм түмээр байдаг. Эзэн Синаид байгаатай адил тэдний дунд ариун байдал дотор байна.

[18] Та өндөрт гарч, олзлогдогсдыг дагуулжээ. Та хүмүүсийн дунд бэлэг авсан, Тэрслэгчдээс ч авсан нь ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм.

[19] Өдөр бүр бидний ачааг үүрдэг Эзэн, Бидний аврал болох Бурхан магтагдах болтугай. Села

[20] Бидний хувьд Бурхан бол авралын Бурхан юм. Үхлээс зайлах нь Эзэн болох БУРХАНых юм.

[21] Үнэхээр Бурхан дайснуудынхаа толгойг, Гэмээ байнга үйлддэг хүний үстэй оройг бяц цохино.

[22] Эзэн "Би тэднийг Башанаас авчирна. Би тэднийг далайн гүнээс буцааж гаргана.

[23] Энэ нь хөл чинь тэднийг цусанд нь түйвээж, Нохдын чинь хэл дайснуудын чинь цуснаас хувь хүртэхийн тулд болой" гэв.

[24] Бурхан, тэд Таны залран ирэхийг, Миний хаан болох миний Бурханы ариун газарт залран ирэхийг харсан.

[25] Шагшуурга шажигнуулах бүсгүйчүүдийн дуунд Дуучин эхэлж, хөгжимчид дагав.

[26] Израилиас ундран гардаг та нар аа, Их чуулганд Бурхан ЭЗЭНийг магтан дуулагтун!

[27] Тэнд тэднийг удирддаг отгон Бениамин, Иудагийн ноёд өөрсдийн олон түмэнтэй, Зебулун ба Нафталийн ноёд тэнд байна.

[28] Чиний Бурхан чамд хүчийг тушаав. Бидний төлөө үйлдэж байсан Бурхан, Та Өөрийн хүчийг харуулаач.

[29] Иерусалим дахь Таны сүмээс болж Хаад Танд бэлгүүдийг авчирна.

[30] Хөл доороо мөнгөний өөдсийг гишгэлдэг Зэгсэн дундах араатнууд болон Ард түмнүүдийн тугалуудын дундах бухан сүргийг зэмлэ. Тэрээр дайнд баярлагч хүмүүсийг тараажээ.

[31] Дээдсүүд Египетээс гарч ирнэ. Етиоп гараа Бурхан уруу хурдан сунгана.

[32] Дэлхийн хаанчлалууд аа, Бурханд дуулагтун. Эзэнд магтан дуулагтун. Села

[33] Эртний үеийн дээд тэнгэрүүдийг хөлөглөгч Түүнд дуулагтун. Харагтун, Тэрээр сүрлэг дуу хоолойгоор айлддаг.

[34] Хүч чадлыг Бурханых гэж үз. Түүний сүр хүч Израилийн дээр, Түүний хүч чадал тэнгэрт байна.

[35] Бурхан, Өөрийн ариун газраас Та сүрдмээр байна. Израилийн Бурхан Өөрөө хүмүүст хүч чадлыг өгдөг. Бурхан магтагдах болтугай!

Дуулал — Chapters