Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:59

[1] Бурхан минь ээ, намайг дайснуудаас минь авраач. Миний эсрэг босогчдоос хол, өндөр газарт намайг тавиач.

[2] Гэм буруу үйлдэгчдээс намайг чөлөөлж, Цус урсгадаг хүмүүсээс намайг авраач.

[3] Үзтүгэй, тэд миний амийг хороохоор отож байна. Хүчит хүмүүс намайг эсэргүүцэхээр цугларч байгаа бөгөөд ЭЗЭН, энэ нь миний алдаа зөрчлийн ч, нүглийн ч төлөө бус.

[4] Миний буруу байхгүй атал тэд гүйн ирж, миний эсрэг босдог. Надад туслахаар босож, хараач.

[5] Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан, Та бүх үндэстнүүдийг шийтгэхээр босооч. Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч. Села

[6] Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж, Хотыг тойрон явдаг.

[7] Үзтүгэй, тэд амаараа хэрхэрдэг. Тэдний уруулд илд байдаг. "Хэн сонсох юм бэ?" гэж тэд хэлдэг.

[8] Харин ЭЗЭН, Та тэднийг шоолж инээдэг. Та бүх үндэстнүүдийг дооглон тохуурхдаг.

[9] Түүний хүч чадлаас болж би Тан уруу харна. Учир нь Бурхан бол миний бат цайз.

[10] Миний Бурхан Өөрийн хайр энэрлээр намайг угтан авна. Бурхан надад дайснууд уруугаа дээрээс харахыг зөвшөөрнө.

[11] Тэднийг битгий хөнөөгөөч, эс тэгвэл миний хүмүүс мартана. Бидний бамбай болох Эзэн, Өөрийн хүч чадлаар тэднийг тарааж, тэднийг дорд болгооч.

[12] Тэдний амны нүгэл бол уруулаас гарах үгс юм. Тэднийг өөрсдийнх нь бардамнал дотор, Мөн хэлдэг хараал, худлын төлөө бариулаач.

[13] Уур хилэнгээр сөнөөгөөч. Тэднийг үгүй болтол нь сөнөөгөөч. Бурхан Иаковын дотор дэлхийн хязгаар хүртэл захирдгийг таниулаач. Села

[14] Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж, Хотыг тойрон явдаг.

[15] Тэд хоол хайн тэнүүчилж, Цадаагүй бол шөнөжин архирдаг.

[16] Харин би Таны хүч чадлын тухай дуулна. Би өглөө Таны хайр энэрлийн тухай баяр хөөртэйгөөр дуулна. Учир нь Та миний бат цайз, Зовлон шаналлын өдөр миний хоргодох газар байсаар ирсэн.

[17] Хүч чадал минь ээ, Би Таныг магтан дуулна. Учир нь Бурхан бол миний бат цайз, надад хайр энэрэл үзүүлдэг Бурхан билээ.

Дуулал — Chapters