Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:48

[1] Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.

[2] Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж, Ногоон ургамал шиг хагдрах болно.

[3] ЭЗЭНд итгэж, сайныг үйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго.

[4] ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.

[5] Өөрийн замыг ЭЗЭНд даатга, Мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө.

[6] Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт, Чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно.

[7] ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт ологчоос болон Хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов.

[8] Уурлахаа больж, хилэнгээ март. Бүү санаа зов. Энэ нь зөвхөн бузар мууг үйлдэхэд л хүргэнэ.

[9] Бузар мууг үйлдэгчид таслагдана, Харин ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно.

[10] Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч Тэр байхгүй байх болно.

[11] Харин даруу хүн газар нутгийг өвлөж, Элбэг амар амгалангаар баярлана.

[12] Хорон муу хүн зөв шударга хүний эсрэг хуйвалдаж, Түүн уруу шүдээ хавирдаг.

[13] Түүний өдөр ирж буйг хардаг учраас Эзэн түүнд инээдэг.

[14] Зүдрэгсэд ба гачигдагсдыг хөсөр унагаж, Үйлсээрээ шулуун шударга хүмүүсийг алахаар Хорон муу хүн илд сугалж, нумаа хөвчилжээ.

[15] Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож, Нумууд нь хугарах болно.

[16] Зөв шударга хүний жаахан юмс нь Олон хорон санаатнуудын элбэг байдлаас хавьгүй дээр юм.

[17] Учир нь хорон санаатны гар нь хугалагдана, Харин зөв шударга хүнийг ЭЗЭН дэмждэг.

[18] ЭЗЭН гэм зэмгүй хүний өдрүүдийг мэддэг. Тэдний өв мөнхөд байна.

[19] Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй бөгөөд Өлсгөлөнгийн өдрүүдэд ч хангалуун байна.

[20] Харин хорон муу хүн мөхнө. ЭЗЭНий дайснууд бэлчээрийн цэцгүүд мэт болж, Утаа мэт замхардаг.

[21] Хорон муу хүн зээлж, буцаан өгдөггүй. Харин зөв шударга хүн нигүүлсэн өгдөг.

[22] Түүгээр ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө, Харин Түүгээр хараагдагсад таслагдана.

[23] Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогддог бөгөөд Түүний замд Тэр баярладаг.

[24] Тэрээр бүдрэвч, газар хөсөр унахгүй. Учир нь ЭЗЭН Өөрийн гараар түүнийг түшдэг.

[25] Би залуугаасаа хөгширтлөө Зөв шударга хүн хаягдахыг, Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй.

[26] Тэр үргэлж нигүүлсэн хайрлаж, зээлүүлдэг. Түүний үр удам нь ерөөлтэй юм.

[27] Бузраас хагацаж, сайныг үйлд, Тэгвэл чи мөнхөд орших болно.

[28] Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөд Өөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй. Тэд мөнхөд хамгаалуулсан, Харин хорон муу хүний үр удам таслагдах болно.

[29] Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, Түүнд мөнхөд оршин суух болно.

[30] Зөв шударга хүний ам нь мэргэн үгийг хэлдэг бөгөөд Түүний хэл нь шударга үгийг өгүүлдэг.

[31] Түүний зүрхэнд Бурханых нь хууль оршдог. Түүний алхамд алдаа байхгүй.

[32] Хорон муу хүн зөв шударга хүнийг анаж, Түүнийг хорлох боломжийг хайдаг.

[33] ЭЗЭН түүнийг хорон санаатны гарт орхихгүй, Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй.

[34] ЭЗЭНийг хүлээж, Түүний замаас бүү гар, Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө. Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно.

[35] Төрөлх хөрсөндөө ургаж буй саглагар мод шиг өөрийгөө сагсайлган ургуулдаг Хорон муу, харгис хүнийг би харсан билээ.

[36] Тэгээд тэр өнгөрсөн бөгөөд харагтун тэр алга болсон. Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй.

[37] Гэм зэмгүй хүнийг тэмдэглэж, Шулуун шударга хүнийг харагтун. Учир нь амар амгалан хүн сайн сайхныг авна.

[38] Харин нүгэлтнүүд цөмөөрөө устгагдана. Хорон муу хүний хойч үеийнхэн ч таслагдана.

[39] Харин зөв шударга хүний аврал ЭЗЭНээс ирдэг. Тэрээр бэрх цагт тэдний хүч чадал юм.

[40] ЭЗЭН тэдэнд тусалж, тэднийг чөлөөлдөг. Тэд Түүний дотор хоргоддог учраас Тэр тэднийг хорон муу хүнээс чөлөөлж, авардаг юм.

Дуулал — Chapters