[1] Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ.
[2] Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог.
[3] Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Миний бүх явдлыг дотно сайн мэддэг.
[4] Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг.
[5] Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан.
[6] Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм. Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.
[7] Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ?
[8] Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг. Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг.
[9] Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн, Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал,
[10] Тэнд ч Таны мутар намайг удирдаж, Таны баруун мутар надаас зуурах болно.
[11] Хэрэв би "Харанхуй үнэхээр намайг нөмөрч, Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно" гэвэл
[12] Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд Шөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ. Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм.
[13] Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ. Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ.
[14] Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм.
[15] Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Миний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм.
[16] Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн Нэг нь ч болоогүй байхад Тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ.
[17] Өө Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ! Тэдний нийлбэр хичнээн их вэ!
[18] Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна. Би сэрүүн байхдаа ч Тантай хамт байна.
[19] Өө, Бурхан, Та хорон муу хүнийг хядах ч болоосой. Тиймээс цус урсгагчид аа, надаас холдогтун.
[20] Учир нь тэд Таны эсрэг муугаар ярьдаг бөгөөд Таны дайснууд Таны нэрийг дэмий хоосноор ашигладаг.
[21] Өө, ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү? Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү?
[22] Би туйлд хүртэл тэднийг үзэн яддаг. Тэд миний дайснууд болсон.
[23] Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч.
[24] Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж, Мөнхийн зам уруу намайг залаач.