[1] Би бүх зүрхээрээ ЭЗЭНд талархах болно. Би Таны бүх гайхамшгуудыг тунхаглана.
[2] Би баярлаж, Таны дотор баясна. Хамгийн Дээд Нэгэн, би Таны нэрд магтаалыг дуулна.
[3] Миний дайснууд ухрахдаа Таны өмнө бүдрэн унаж, сөнөдөг юм.
[4] Учир нь Та миний шударга заргыг дэмжсэн билээ. Та зөв шударгаар шүүн сэнтийндээ заларсан билээ.
[5] Та үндэстнүүдийг зэмлэж, Та хорон муу хүмүүсийг устгасан. Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон.
[6] Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд Та хотуудыг нураасан юм Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.
[7] Харин ЭЗЭН мөнхөд захиран сууж байдаг. Тэрээр шүүхийн төлөө Өөрийн сэнтийг зэхсэн бөгөөд
[8] Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно. Тэрээр ард түмнүүдийг шулуун шударгаар шүүнэ.
[9] ЭЗЭН бас дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, Бэрх цагийн бэхлэлт болно.
[10] Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно. Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй.
[11] Сионд оршин байгч ЭЗЭНд магтаалыг дуулагтун. Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.
[12] Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг. Тэрээр зовогсдын хашхирахыг мартдаггүй.
[13] ЭЗЭН, намайг өршөөгөөч. Үхлийн дааман хаалганаас намайг босгодог Та Намайг үзэн ядагчдаас ирдэг зовлон зүдгүүрийг минь хараач.
[14] Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөд Сионы охины дааман хаалганд Би Таны авралд баясна.
[15] Үндэстнүүд өөрсдийн ухсан нүхэнд унасан билээ. Өөрсдийнх нь нуусан торонд тэдний хөл орсон билээ.
[16] ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ. Өөрийн гарын үйлдсэн үйлээр хорон муу хүн урхидуулжээ. Хиггаион, Села
[17] Бурханыг мартдаг бүх үндэстнүүд буюу Хорон муу хүмүүс Үхэгсдийн орон уруу буцна.
[18] Гачигдагсад үүрд мартагдахгүй, Зовогсдын найдлага ч мөнхөд тасрахгүй.
[19] ЭЗЭН, босож, хүмүүнд ялалтыг бүү өгөөч. Өөрийнхөө өмнө үндэстнүүдийг шүүлгээрэй.
[20] ЭЗЭН, тэднийг эмээлгээч. Өөрсдийг нь зөвхөн хүн л юм гэдгийг үндэстнүүдэд мэдүүлээч. Села