[1] Миний хүмүүс ээ, миний сургамжийг сонс. Миний амнаас гарах үгийг чих тавин сонс.
[2] Би сургаалт зүйрлэл ярин амаа нээнэ. Би эртний нууц үгсийг дуудна.
[3] Тэдгээрийг бид сонссон, мэдсэн, Бидний эцэг өвгөд ч бидэнд хэлж өгсөн.
[4] Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй. Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал, Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла.
[5] Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж, Израильд хуулийг тогтоосон. Тэдгээрийг үр хүүхдүүддээ заагаарай гэж Тэр бидний эцэг өвгөдөд тушаасан.
[6] Ингэсэн нь ирэх үеийнхэн буюу Хойшид төрөх хүүхдүүд мэдэж, Мөн тэд ч босож, өөрсдийн хүүхдүүддээ тэдгээрийг хэлэхийн тулд байв.
[7] Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч, Бурханы ажлуудыг үл мартаж, Харин Түүний тушаалуудыг сахин биелүүлэн,
[8] Эцэг өвгөд шигээ Зөрүүд болон тэрслүү үеийнхэн буюу Өөрсдийн зүрхээ зөвт болгоогүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.
[9] Ефраимын хөвгүүд нум сумаар зэвсэглэсэн харваачид байсан, Гэсэн ч тэд тулалдааны өдөр ухарсан.
[10] Тэд Бурханы гэрээг сахин биелүүлээгүй, Түүний хуулийг мөрдөхөөс ч татгалзсан.
[11] Тэд Түүний үйлсийг болоод Өөрсдөд нь үзүүлсэн Түүний гайхамшгуудыг ч мартсан.
[12] Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд Тэдний эцэг өвгөдийн өмнө гайхамшгуудыг үйлдсэн билээ.
[13] Тэрээр далайг хувааж, тэднийг дундуур нь хөтлөн гаргаж, Их усыг ч овоо мэт зогсоосон.
[14] Дараа нь Тэр тэднийг өдөр нь үүлээр, Шөнөжин галын гэрлээр удирдсан.
[15] Тэрээр цөлд хад чулуунуудыг хагалан Далайн гүний ус мэт элбэг дэлбэг ундааг уулгасан.
[16] Тэр бас хаднаас урсгал ус гаргаж, Их усыг мөрөн шиг урсгасан.
[17] Гэсэн ч тэд Түүний эсрэг нүгэл үйлдэж, Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрслэхээ үргэлжлүүлсэн.
[18] Өөрсдийн шуналт хүслээр хоол хүнсийг гуйснаар Тэд зүрхэндээ Бурханыг сорьсон.
[19] Тэгээд тэд Бурханы эсрэг ярьсан. Тэд "Бурхан цөлд ширээг бэлтгэж чадах уу?
[20] Харагтун, Тэрээр усыг оргилуулан гаргаж, Урсгалыг дүүртэл хадыг цохьсон. Тэрээр бас талх өгч чадах болов уу? Тэр Өөрийн хүмүүст махыг бэлтгэж өгөх үү?" гэжээ.
[21] Тиймээс ЭЗЭН сонсож, уур хилэнгээр дүүрсэн. Иаковын эсрэг гал асаж, Израилийн эсрэг уур хилэн ч нэмэгджээ.
[22] Яагаад гэвэл тэд Бурханд итгээгүй, Түүний авралд ч найдаагүй.
[23] Харин Тэр дээр буй үүлсэд тушаан, Тэнгэрийн хаалгуудыг ч онгойлгосон.
[24] Тэр тэдний дээр идүүлэх маннагаар бороо оруулан, Тэдэнд тэнгэрээс хоол өгсөн.
[25] Хүн тэнгэр элч нарын талхыг идсэн. Тэр тэдэнд хоол хүнсийг хангалттайгаар илгээсэн.
[26] Тэрээр тэнгэрт дорны салхийг үлээлгэж, Өөрийн хүч чадлаар өмнөдийн салхийг ч удирдсан.
[27] Тэр тэдэн дээр махыг тоос шороо мэт, Жигүүртэн шувуудыг далайн элс мэт буулгахдаа
[28] Тэднийг хуарангийнх нь дунд, Оршин суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан.
[29] Ийнхүү тэд идэж, сайн цадацгаасан бөгөөд Тэрээр тэдэнд шунан хүссэн ёсоор нь өгчээ.
[30] Тэд шунал хүслээ хангахаас өмнө буюу Хоол нь тэдний аманд байсаар байх зуур
[31] Бурханы уур хилэн тэдний эсрэг хандаж Тэдний хамгийн тарган хүмүүсээс заримыг алж, Израилийн шилдэг эрчүүдийг цохин унагасан.
[32] Ийм боловч тэд нүгэл хийсээр байж, Түүний гайхамшигт ажлуудад итгээгүй.
[33] Тиймээс Тэр тэдний өдөр хоногуудыг хоосон байдал дотор, Он жилүүдийг нь гэнэтийн аймшиг дотор дуусгасан.
[34] Тэр тэднийг алсан цагт тэд Түүнийг хайж, Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан.
[35] Бурхан тэдний хад байсныг, Мөн Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг тэд санажээ.
[36] Харин Тэд амаараа Түүнийг хуурч, Хэлээрээ Түүнд худал ярьсан.
[37] Учир нь тэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй, Тэд ч Түүний гэрээнд үнэнч байгаагүй.
[38] Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй. Тэр Өөрийн уурыг олонтаа барьж, Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй.
[39] Ийнхүү Тэр тэднийг зөвхөн махан бие, Өнгөрөн одоод дахин ирдэггүй салхи болохыг нь санажээ.
[40] Тэд цөлд Түүний эсрэг хичнээн их тэрсэлж, Говьд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!
[41] Тэд Бурханыг дахин дахин сорьж, Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн.
[42] Тэд Түүний хүч чадлыг, Түүний өөрсдийг нь өстнөөс аварсан өдрийг ч санаагүй.
[43] Тэр Өөрийн тэмдгүүдийг Египетэд, Өөрийн гайхамшгуудыг Зоаны хээр талд харуулж,
[44] Тэдний гол мөрнүүдийг Мөн усны урсгалуудыг цус болгон хувиргаж, Тэднийг ууж чадахгүй болгосныг ч санаагүй.
[45] Тэр тэдний дунд тэднийг залгисан ялаан сүргийг, Мөн тэднийг устгасан мэлхийнүүдийг илгээсэн.
[46] Тэр бас тэдний тариаг дэвхрэгт, Тэдний хөдөлмөрийн үр шимийг царцаанд өгсөн.
[47] Тэр тэдний усан үзмийн моддыг мөндөрт, Инжрийн моддыг нь хяруунд цохиулсан.
[48] Тэр бас тэдний мал сүргийг мөндөрт, Тэдний хонин сүргийг аянганд ниргүүлсэн.
[49] Тэр тэдний дээр шатаж буй уур, Хилэн, зэвүүцэл болон гай зовлонгоо буюу Хэсэг устгагч тэнгэр элч нарыг илгээсэн.
[50] Тэр Өөрийн ууранд зам зассан. Тэр тэдний сэтгэлийг үхлээс хэлтрүүлээгүй, Харин тэдний амийг гай гамшигт өгч,
[51] Египетийн бүх ууганыг буюу Хамын майхан доторх хүч чадлынх нь охийг цохьсон юм.
[52] Харин Тэр Өөрийнхөө хүмүүсийг хонь шиг хөтлөн гаргаж, Тэднийг цөлд хонин сүрэг мэт удирдсан.
[53] Тэр тэднийг айхгүй байхаар аюулгүйгээр удирдсан. Харин тэдний дайснууд далайн усанд автсан.
[54] Ингээд Тэр тэднийг Өөрийн ариун газарт, Баруун мутрынхаа авсан энэ уулархаг нутагт авчирсан.
[55] Тэр бас үндэстнүүдийг тэдний өмнөөс хөөн зайлуулж, Тэдэнд хэмжигчээр хуваан газрыг хуваарилан, Израилийн овгуудыг өөрсдийнх нь майхнуудад суулгасан.
[56] Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг сорин, Түүний эсрэг тэрсэлж, Түүний гэрчлэлүүдийг сахилгүй,
[57] Харин өөрсдийн эцэг өвгөд шиг урван, мэхэлжээ. Тэд мэхлэгч нум шиг хазгай туссан.
[58] Учир нь тэд өөрсдийн мөргөлийн өндөрлөгүүдээр Түүнийг өдөж, Өөрсдийн сийлмэл хөргүүдээр Түүний хардалтыг хөдөлгөсөн.
[59] Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч, Израилийг ихэд үзэн ядсан.
[60] Ингээд Тэр Шило дахь орших газрыг буюу Хүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,
[61] Өөрийн хүч чадлыг олзлолд, Өөрийн сүр жавхланг өстний гарт өгсөн.
[62] Тэр бас Өөрийн хүмүүсийг илдэнд тушааж, Өөрийн өвд уурласан.
[63] Түүний залуусыг гал залгиж, Онгон охидод нь хуримын дуу үгүй болов.
[64] Түүний тахилч нар илдэнд унаж, Түүний бэлэвсэн эмэгтэйчүүд уйлж ч чадсангүй.
[65] Дараа нь Эзэн нойрноос мэт, Дарсанд согтуурсан дайчин эр мэт сэржээ.
[66] Тэр Өөрийн өстнүүдийг буцаан цохьсон. Тэр тэдэн дээр үүрдийн буруутгалыг тохсон.
[67] Тэр бас Иосефын майхныг хаяж, Ефраимын овгийг сонгоогүй,
[68] Харин Иуда овгийг, Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.
[69] Тэр Өөрийн ариун газрыг өндөрлөг газрууд шиг, Мөнхөд бий болгосон газар шигээ барьж босгосон.
[70] Тэр бас Өөрийн зарц Давидыг сонгон Хонины хашаанаас авсан.
[71] Хургатай хоньдыг даган явсан түүнийг Тэр Өөрийн хүмүүс болох Иаковыг болон Өөрийн өв болох Израилийг хариулуулахаар авчрав.
[72] Ингээд Давид тэднийг чин сэтгэлээс хариулж, Гарынхаа ураар тэднийг удирдсан.