[1] ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНд талархал өргө, учир нь Тэр бол сайн бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх юм.
[2] Хэн ЭЗЭНий сүр хүчит үйлсийн тухай өгүүлж, Эсвэл Түүний бүх магтаалыг тунхаглаж чадах вэ?
[3] Шударга ёсыг сахигчид, Зөв шударгыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй вэ?
[4] Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач. Өөрийн авралыг аван над уруу айлчлаач.
[5] Энэ нь би Таны сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж, Таны үндэстний баяр хөөрт баясгаж, Таны өвөөр бахархахын тулд юм.
[6] Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж, Бид гэм бурууг хийж, хорон муугаар үйлджээ.
[7] Бидний эцэг өвгөд Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй. Тэд Таны үй олон энэрлийг санаагүй, Харин тэнгисийн дэргэд, Улаан тэнгист тэрсэлсэн.
[8] Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулд Тэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан.
[9] Ийнхүү Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг гүнээр цөл газраар мэт удирдсан.
[10] Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч, Дайсны гараас зольсон.
[11] Тэдний өстнүүдийг ус бүрхсэн. Тэдний нэг нь ч үлдсэнгүй.
[12] Тэгэхэд тэд Түүний үгэнд итгэсэн. Тэд Түүний магтаалыг дуулсан.
[13] Тэд Түүний үйлсийг хурдан мартжээ. Тэд Түүний зөвлөгөөг хүлээгээгүй,
[14] Харин цөлд ихэд шунахайрч, Зэлүүд газарт Бурханыг сорьсон.
[15] Иймээс Тэр тэдэнд шаардсаныг нь өгсөн боловч Тэдний сүнсийг эцээх өвчинг илгээсэн.
[16] Хуаранд байхдаа тэд Мосед болон ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсанд
[17] Газар нээгдэн, Датаныг залгиж, Абирамын бүлгийг дарсан.
[18] Тэдний бүлэгт гал дүрэлзэж, Галын дөл хорон муу хүнийг шатаасан.
[19] Тэд Хоребт тугалыг бүтээж, Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн.
[20] Ингэж тэд өөрсдийн алдрыг Өвс иддэг үхрийн дүрсээр сольсон.
[21] Египетэд агуу зүйлсийг хийсэн Өөрсдийн Аврагч Бурханыг тэд мартсан.
[22] Тэрээр Хам нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд сүрдмээр зүйлсийг үйлдсэн юм.
[23] Тиймээс тэднийг устгана гэж Тэр айлдсан бөгөөд Түүний уур хилэнг тэднийг устгахаас болиулан буцаахын тулд Түүний сонгосон хүн Мосе Түүний өмнө зөрчил дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэхсэн.
[24] Дараа нь тэд тааламжит газар нутгийг үл ойшоосон. Тэд Түүний үгэнд итгээгүй,
[25] Харин майхан дотроо эгдүүцэн бувтнасан. Тэд ЭЗЭНий дуу хоолойг сонссонгүй.
[26] Тиймээс Түүний тэдэнд тангарагласан нь Тэднийг зэлүүд цөл газарт хаян,
[27] Тэдний үр удмыг үндэстнүүдийн дунд унагаж, Газар бүрд тэднийг тараах болно гэсэн юм.
[28] Тэд Баал-пеортой нийлж, Үхэгсдэд өргөсөн тахилуудыг иджээ.
[29] Ингэснээр тэд өөрсдийн үйлдлээр Түүнийг уурлахад хүргэсэн бөгөөд Тэдний дунд тахал дэлгэрсэн.
[30] Тэр үед Финехас босож, шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөд Үүнээс болж тахал зогссон.
[31] Энэ нь бүх үеийнхэнд мөнхөд Түүнд зөвт байдалд тооцогдсон.
[32] Тэд бас Мерибагийн их усны дэргэд Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөд Тэднээс болж Мосед бэрхшээл учирсан.
[33] Тэд Түүний Сүнсний эсрэг тэрсэлсэн учраас Мосе гоомой үгс хэлсэн.
[34] ЭЗЭНий тэдэнд тушаасны дагуу Тэд ард түмнүүдийг устгаагүй,
[35] Харин үндэстнүүдтэй хутгалдаж, Тэдний үйлсээс суралцан,
[36] Өөрсдөд нь урхи болсон тэдний шүтээнүүдэд үйлчилсэн.
[37] Түүгээр ч барахгүй тэд өөрсдийн охид, хөвгүүдээр чөтгөрүүдийг тахиж,
[38] Гэмгүй цусыг буюу Канааны шүтээнүүдэд тахисан Өөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ. Тэр газар ч цусаар бузарлагдсан.
[39] Ингээд тэд өөрсдийгөө үйлсээрээ бузарлан, Үйлдлээрээ садар самууныг хийжээ.
[40] Тиймээс ЭЗЭНий уур хилэн Өөрийнхөө хүмүүсийн эсрэг асаж, Тэр Өөрийн өвийг жигшсэн.
[41] Тэгээд Тэр тэднийг үндэстнүүдийн гарт оруулсан бөгөөд Тэднийг үзэн ядагчид тэднийг захирсан.
[42] Тэдний дайснууд ч бас тэднийг дарангуйлж, Гар дороо тэднийг захирсан.
[43] Олон удаа Тэр тэднийг авардаг байсан. Харин тэд төлөвлөгөөнүүддээ тэрсэлж, Өөрсдийн гэм буруун дотроо улам шигдсээр байв.
[44] Тийм байсан ч, тэдний хашхирахыг сонсохдоо Тэрээр зовлонг нь анхаарсан.
[45] Тэр тэдний төлөө Өөрийн гэрээг санаж, Өөрийн хайр энэрлийн үлэмж ихийн ёсоор зөөлрөв.
[46] Тэр бас бүх олзлогчдынх нь өмнө Тэднийг өрөвдсөн.
[47] Бидний Бурхан ЭЗЭН, биднийг аварч, Таны ариун нэрд талархал өргүүлэхээр болон Таны магтаалд бахархуулахаар Биднийг үндэстнүүдийн дундаас цуглуулаач.
[48] Израилийн Бурхан ЭЗЭН Өнө мөнхөд магтагдах болтугай. Бүх хүмүүсээр "Амен" хэмээн хэлүүлэгтүн. ЭЗЭНийг магтагтун! XXXXXXXXXXX