Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:07

[1] Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна.

[2] Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг.

[3] Хэл яриа хийгээд үг ч байхгүй, Чимээ ч сонсогдохгүй.

[4] Дуу хоолой нь бүх дэлхийд, Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ. Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.

[5] Нар өргөөнөөсөө сүйт залуу мэт гарч ирж байна. Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог.

[6] Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас, Тойрох нь түүний нөгөө зах хүртэл. Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй.

[7] ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.

[8] ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.

[9] ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шударга.

[10] Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй, Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг.

[11] Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг.

[12] Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.

[13] Мөн Өөрийн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэднээр намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй болж, Агуу нүглээс ангижирна.

[14] Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН, Амнаас минь гарах үгс хийгээд зүрхийн минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!

Дуулал — Chapters