Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:22

[1] Өө, ЭЗЭН, миний залбирлыг сонсооч! Миний тусламж гуйсан хашхиралт Танд хүрэг.

[2] Зовлон бэрхшээлийн минь өдөр надаас нүүрээ бүү нуугаач. Над уруу чихээ хандуулаач. Миний дуудах өдөр надад хурдан хариулаач.

[3] Учир нь миний өдрүүд утаа шиг замхарсан бөгөөд Яснууд минь ч цуцал мод шиг шатсан.

[4] Зүрх минь зүлэг ногоо шиг ширх хорхойд баригдаж, хагдарсан. Би талхаа идэхээ ч үнэхээр мартсан.

[5] Ёолох дууны минь чангаас болж Яс минь маханд минь наалдав.

[6] Би хээр талын хотон шувуутай ижилссэн. Би зэлүүд нутгийн шар шувуу шиг болсон.

[7] Би сэрүүн хэвтдэг, Би дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болсон.

[8] Миний дайснууд намайг өдөржингөө буруутгасан. Надад хорссон хүмүүс миний нэрийг хараалд ашигласан.

[9] Учир нь би үнсийг талх шиг идэж, Уух усаа нулимстайгаа хольсон нь

[10] Таны зэвүүцэл болон Таны хилэнгээс болсон юм. Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн.

[11] Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд Би өвс шиг гандан хатаж байна.

[12] Харин ЭЗЭН Та мөнхөд оршдог, Таны нэр ч үеийн үед байдаг.

[13] Та босож, Сионыг өрөвдөнө. Учир нь түүнийг нигүүлсэх цаг одоо ирлээ, Тогтоосон цаг ирлээ.

[14] Таны зарц нар түүний чулуунд үнэхээр баярлаж, Түүний тоос шороог ч өрөвддөг.

[15] Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс, Дэлхийн бүх хаад Таны алдраас эмээнэ.

[16] Учир нь ЭЗЭН Сионыг босгон байгуулжээ. Тэр Өөрийн цог жавхлангийн дунд үзэгдсэн.

[17] Тэрээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч, Тэдний залбирлыг жигшдэггүй.

[18] Хожим бүтээгдэх хүмүүс ЭЗЭНийг магтахын тулд Энэ нь ирэх үеийнхний төлөө бичигдэнэ.

[19] Учир нь Тэр Өөрийн ариун өндөрлөгөөс харсан. Тэнгэрээс ЭЗЭН газар дэлхийг ширтсэн.

[20] Энэ нь хоригдлын ёолохыг сонсож, Үхлийн ял авсан хүмүүсийг чөлөөлөхийн тулд юм.

[21] Ингэснээр Сионд ЭЗЭНий нэрийг, Иерусалимд Түүний магтаалыг

[22] Хүмүүсийг хамтдаа ирж, ЭЗЭНд үйлчлэхээр хаанчлалуудыг цуглахад тунхаглах ажгуу.

[23] Тэрээр зам зуур миний хүч чадлыг сулруулсан. Тэр миний өдрүүдийг богиносгосон.

[24] Би "Бурхан минь ээ, өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач. Таны жилүүд бүх үеүдийн туршид байдаг юм.

[25] Та эрт үед газар дэлхийн суурийг тавьсан. Тэнгэрүүд ч Таны гарын бүтээл юм.

[26] Тэд ч сөнөнө, харин Та мөнх оршино. Тэдгээр нь бүгд өмсгөл шиг элэгдэнэ. Хувцас шиг Та тэднийг солих бөгөөд тэд ч солигдоно.

[27] Гэвч Та хэвээрээ болоод Таны он жилүүд төгсөхгүй.

[28] Таны зарц нарын үр хүүхдүүд үргэлжлүүлэн амьдарч, Тэдний үр удмууд Таны өмнө бат зогсоно" гэдэг.

Дуулал — Chapters