[1] Миний зүрхэнд сайн үг бялхам байна. Би өөрийн шүлгээ Хаанд зориулъя. Миний хэл бол чадварлаг зохиолчийн бийр юм.
[2] Та бол хүний хөвгүүдээс гойд сайхан юм. Таны уруул нигүүлслээр дүүрэн. Тиймээс Бурхан Таныг мөнхөд ерөөсөн билээ.
[3] Хүчит Нэгэн, Өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээр Ташаандаа илдээ зүү.
[4] Үнэн, дөлгөөн байдал, зөв шударгын төлөө Өөрийн сүр хүч дотор ялгууснаар мордооч. Баруун гар тань Танд айдас төрүүлэм зүйлсийг заана.
[5] Таны сумнууд хурц. Тэдгээр нь Хааны дайснуудын зүрхийг сүлбэнэ. Ард түмнүүд Таны өмнө унадаг.
[6] Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнхөд болой. Шударга ёсны очирт таяг бол Таны хаанчлалынх юм.
[7] Та зөв шударгыг хайрлаж, хорон мууг үзэн ядсан. Тиймээс Бурхан, Таны Бурхан Таныг Баяр баяслын тосоор анд нөхдийн чинь дээр залж тосолсон.
[8] Таны бүх хувцас гүгэл, зуун наст ба кассиагийн үнэртэй. Зааны ясан ордноос гардаг Утсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгажээ.
[9] Таны эрхэм хатагтай нарын дунд хаадын охид байдаг. Таны баруун гар талд Офирын алтаар гоёсон хатан зогсдог.
[10] Сонс, охин оо, анхааран чагна. Өөрийн ард түмэн хийгээд эцгийнхээ гэрийг март.
[11] Тэгвэл Хаан чиний гоо үзэсгэлэнд сэтгэл татагдана. Тэр чиний Эзэн учир Түүнд бөхийн мөргө.
[12] Тирийн охин бэлэгтэй ирж, Хүмүүсийн дундах баячууд чиний хайр хишгийг гуйна.
[13] Хааны охин ордон дотроо бүх цог жавхланг эдэлж, Түүний хувцас нь алтаар хээлэгджээ.
[14] Хээтэй хувцас өмссөн тэрээр хаанд хүргэгдэн ирэв. Түүний үйлчлэгч найз бүсгүйчүүдийг ч араас нь дагуулан хаанд аваачна.
[15] Тэд баяр баясгалантайгаар хүргэгдэн ордонд орох болно.
[16] Та нарын эцэг өвгөдийн байранд хөвгүүд тань байна. Та тэднийг бүх дэлхийд хаад болгоно.
[17] Би Таны нэрийг үеийн үед сануулна. Тиймээс ард түмэн Танд мөнхийн мөнхөд магтаалуудыг өргөнө.