Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:59

[1] ЭЗЭН, Таны хүчинд хаан баясах болно, Таны авралд тэр ямар их баярлана вэ!

[2] Та түүнд зүрхнийх нь хүслийг өгсөн бөгөөд Түүний уруулын гуйлтанд татгалзаагүй. Села

[3] Учир нь Та түүнийг сайн зүйлсийн ерөөлөөр угтан авдаг. Та шижир алтан титмийг түүний толгойд өмсгөдөг.

[4] Тэр Танаас амь гуйсанд Та түүнд мөнхийн мөнхөд урт удаан насыг өгсөн юм.

[5] Түүний алдар Таны авралаар дамжуулан агуу их юм. Та түүний дээр алдар ба сүр хүчийг өмсгөсөн.

[6] Учир нь Та түүнийг мөнхөд хамгийн ерөөлтэй болгодог. Та түүнийг Өөрийнхөө оршихуйд баяр баясгалантай болгодог.

[7] Учир нь хаан ЭЗЭНд түшдэг бөгөөд Хамгийн Дээд Нэгэний хайр энэрлээр тэр ганхахгүй.

[8] Чиний гар өөрийнхөө бүх дайснуудыг олно. Чиний баруун гар чамайг үзэн ядагчдыг олж илрүүлэх болно.

[9] Чи уурласан үедээ тэднийг галтай зуух мэт болгоно. ЭЗЭН өөрийн уур хилэн дотроо тэднийг залгиж, Гал тэднийг шатаана.

[10] Чи тэдний үрийг дэлхийгээс, Тэдний удмынхныг хүний хөвгүүдийн дундаас устгана.

[11] Хэдийгээр тэд Таны эсрэг хорон мууг санаархаж, Хуйвалдаан зохиосон боловч Тэд амжилтад хүрэхгүй.

[12] Учир нь Та тэднийг нуруугаа харуулахад хүргэх болно. Та тэдний нүүрний эсрэг сумаа онилон бэлэн болгоно.

[13] Өөрийн хүч чадлаар, ЭЗЭН, Та өргөмжлөгдөх болтугай! Бид Таны сүр хүчийг дуулан магтах болно.

Дуулал — Chapters