Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:40

[1] Миний гарыг дайтахад болоод Миний хурууг тулалдахад бэлтгэдэг, Миний хад болох ЭЗЭН магтагдах болтугай.

[2] Тэр бол Миний хайр энэрэл ба миний цайз, Миний бэхлэлт ба миний аврагч, Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн, Хүмүүсийг минь миний дор захируулагч.

[3] Өө, ЭЗЭН, хүн гэгч нь юу болоод Та түүнийг мэддэг юм бэ? Хүний хүү гэгч нь юу болоод Та түүний тухай боддог юм бэ?

[4] Хүн бол зүгээр л нэг амьсгалтай адил юм. Түүний өдрүүд бол өнгөрч буй сүүдэр шиг билээ.

[5] Өө, ЭЗЭН, Өөрийн тэнгэрүүдийг бөхийлгөөд доош бууж ирээч. Утаа гаргуулахаар уулсад хүрээч.

[6] Аянга цахилгаан цахиулж, тэднийг тараагаач. Сумнуудаа харваж, тэднийг бут цохиоч.

[7] Өндөр дээрээс Өөрийн мутрыг сунган, Намайг их уснаас болон Харь хүмүүсийн гараас авран чөлөөлөөч.

[8] Тэдний ам худал хуурмагийг ярьдаг бөгөөд Тэдний баруун гар бол худал хуурмагийн баруун гар юм.

[9] Өө, Бурхан, би Танд шинэ дууг дуулна. Арван утаст ятгаар би Танд магтан дуулна.

[10] Та хаадад авралыг хайрлаж, Өөрийн зарц Давидыг бузар илднээс авардаг билээ.

[11] Ам нь худал хуурмагийг хэлдэг, Баруун гар нь худал хуурмагийн баруун гар болох Харь хүмүүсийн гараас намайг авран чөлөөлөөч.

[12] Манай хөвгүүдийг залууд нь ургаж гүйцсэн ургамал мэт, Манай охидыг ордонд зориулан урласан булангийн багана мэт болгооч.

[13] Манай саравчууд бүх төрлийн тариа будаагаар дүүрэн, Манай хонин сүргүүд талбайнуудад минь Мянга, түмээр үржих болтугай.

[14] Манай үхэр сүргүүд Гай зовлон, алдагдалгүй хүнд ачааг зөөж, Манай гудамжнуудад хашхирах дуун ч байхгүй болох болтугай!

[15] Ийм ард түмэн юутай ерөөлтэй вэ! ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!

Дуулал — Chapters