Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:18

[1] Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна. Бүх үеийнхэнд би Таны итгэлтэй байдлыг амаараа мэдүүлнэ.

[2] Учир нь би "Хайр энэрэл мөнхөд байгуулагдана. Та Өөрийн итгэлтэй байдлыг тэнгэрүүд дээр тогтооно" гэв.

[3] "Би Өөрийн сонгосон нэгэнтэй гэрээ байгуулсан. Би Өөрийн зарц Давидад тангарагласан,

[4] Би чиний үрийг мөнхөд тогтоож, Чиний хаан ширээг бүх үеийнхэнд байгуулна". Села

[5] Өө, ЭЗЭН, тэнгэрүүд Таны гайхамшгуудыг магтана. Мөн ариун хүмүүсийн чуулганд Таны итгэлтэй байдлыг ч магтана.

[6] Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ? Чадалтнуудын хөвгүүдийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?

[7] Тэр бол ариун хүмүүсийн чуулганд агуугаар эмээгдэх Бурхан, Өөрийг нь тойрч буй бүхнээс илүү сүрдэм юм.

[8] Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН? Таны итгэлтэй байдал ч Таныг тойрон байдаг.

[9] Та далайн догшролтыг захирдаг. Давалгаанууд нь босоход Та номхруулдаг.

[10] Та Өөрөө Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан. Та Өөрийн дайснуудыг хүчит мутраараа тараасан.

[11] Тэнгэрүүд бол Таных, газар ч бас Таных. Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг Та байгуулсан.

[12] Өмнөд ба умардыг Та бүтээсэн. Табор ба Хермон Таны нэрд баяртайгаар хашхирдаг.

[13] Та хүчит мутартай. Таны гар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн.

[14] Зөв шударга ба шударга ёс бол Таны сэнтийний суурь юм. Хайр энэрэл ба үнэн Таны өмнө явдаг.

[15] Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ! Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг.

[16] Таны нэрд тэд өдөржин баярлаж, Таны зөв шударгаар тэд өргөмжлөгддөг.

[17] Учир нь Та бол тэдний хүч чадлын алдар бөгөөд Таны ивээлээр бидний эвэр өргөмжлөгдсөн байдаг.

[18] Учир нь бидний бамбай бол ЭЗЭНийх бөгөөд Израилийн Ариун Нэгэн бол бидний Хаан.

[19] Нэг удаа Та Өөрийн ариун хүмүүст үзэгдэл дотор айлдаж, "Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн. Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.

[20] Би Өөрийн зарц Давидыг олсон. Өөрийн ариун тосоор Би түүнийг тосолсон.

[21] Миний гар түүнтэй хамт байж, Миний мутар ч бас түүнийг хүчтэй болгоно.

[22] Дайсан түүнээс нэхэн шаардаж чадахгүй, Хорон муугийн хүү ч түүнийг зовоож чадахгүй.

[23] Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж, Түүнийг үзэн ядагчийг бут цохино.

[24] Миний итгэлтэй байдал ба Миний хайр энэрэл түүнтэй хамт байх бөгөөд Миний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.

[25] Би бас түүний гарыг далай дээр, Түүний баруун гарыг гол мөрөнгүүд дээр байлгана.

[26] Тэр Над уруу «Та бол миний Эцэг, Миний Бурхан болон миний авралын хад» гэж хашхирна.

[27] Би мөн түүнийг ууган хүү, Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.

[28] Би Өөрийн хайр энэрлээ түүний төлөө мөнхөд хадгалж, Өөрийн гэрээг ч түүнд батжуулна.

[29] Ингээд Би түүний үр удмыг мөнхөд тогтоож, Түүний сэнтийг тэнгэрийн өдрүүд мэт болгоно.

[30] Хэрэв түүний хөвгүүд Миний хуулийг мартаж, Миний шүүлтийн дагуу явахгүй бол,

[31] Хэрэв тэд Миний тогтоолуудыг зөрчиж, Миний тушаалуудыг биелүүлэхгүй бол,

[32] Би тэдний алдаа зөрчлийг таягаараа, Тэдний гэм бурууг саваагаар шийтгэнэ.

[33] Харин Би Өөрийн хайр энэрлийг түүнээс таслахгүй, Итгэлгүйгээр ч үйлдэхгүй.

[34] Өөрийн гэрээг би зөрчихгүй, Амнаас гарсан авиагаа өөрчлөхгүй.

[35] Би Өөрийн ариун байдлаар нэгэнтээ тангарагласан бөгөөд Би Давидад худал хэлэхгүй.

[36] Түүний үр удам нь мөнхөд амьдарч, Түүний сэнтий Миний өмнөх нар шиг байна.

[37] Тэр нь сар шиг мөнхөд байхаар тогтоогдох бөгөөд Тэнгэрийн гэрч итгэмжит юм" гэв. Села

[38] Харин Та хаян, татгалзаж, Өөрийн тослогдогчийн эсрэг хилэнгээр дүүрэн байв.

[39] Та Өөрийн зарцын гэрээг хайхраагүй. Та түүний титмийг шороонд бузарласан.

[40] Та түүний бүх ханыг эвдсэн. Та түүний бат цайзуудыг сүйрүүлсэн.

[41] Замаар өнгөрөн явагч бүхэн түүнийг тоносон. Тэр өөрийн хөршүүдэд буруутгагдсан.

[42] Та түүний өстнүүдийн баруун гарыг өргөмжилсөн. Та бүх дайснуудыг нь баярлуулсан.

[43] Та бас илднийх нь ирийг мохоож, Түүнийг тулалдаанд бат зогсож чадахгүй болгосон.

[44] Та түүний сүр жавхланг дуусган, Түүний сэнтийг газарт хөмрөв.

[45] Та түүний залуу насны өдрүүдийг богиносгосон. Та түүнийг ичгүүрээр нөмрүүлсэн. Села

[46] Өө, ЭЗЭН, хэдий болтол вэ? Та Өөрийгөө мөнхөд нуух уу? Таны уур хилэн гал мэт шатах уу?

[47] Миний амьдралын хугацааг санаач. Та хүний хөвгүүдийг юунд дэмий хоосон бүтээгээ вэ!

[48] Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ? Тэрээр өөрийн сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу? Села

[49] Өө, Эзэн, итгэлтэй байдал дотроо Таны Давидад тангарагласан Урьдын хайр энэрэл тань хаана байна вэ?

[50] Өө, Эзэн, Өөрийн зарц нарын доромжлолыг санаач. Би өвөртөө бүх олон түмний доромжлолыг хэрхэн тээдгийг ч санаач.

[51] Өө, ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон, Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн алхам бүрийг доромжилсон.

[52] ЭЗЭН мөнхөд магтагдах болтугай! Амен, Амен.

Дуулал — Chapters