[1] ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр сайн, Учир нь Түүний хайр энэрэл мөнхийн юм.
[2] Израильчуудаар хэлүүл, "Түүний хайр энэрэл мөнхийн юм".
[3] Аароны гэрээр хэлүүл, "Түүний хайр энэрэл мөнхийн юм".
[4] ЭЗЭНээс эмээгчдээр хэлүүл, "Түүний хайр энэрэл мөнхийн юм".
[5] Зовлон дундаас би ЭЗЭН уруу хашхирсан юм. ЭЗЭН надад хариулж, намайг уудам газарт авчирсан.
[6] ЭЗЭН миний талд, би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?
[7] ЭЗЭН надад туслагчдын дунд миний талд байна. Тиймээс би намайг үзэн яддаг хүмүүс уруу харах болно.
[8] Хүнд итгэхээс ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.
[9] Ноёдод итгэхээс ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.
[10] Бүх үндэстнүүд намайг бүсэлжээ. ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
[11] Тэд намайг хүрээлжээ, тэд намайг хүрээлжээ. ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
[12] Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлсэн. Тэд өргөст бутны дундах гал мэт унтарчээ. ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал тасална.
[13] Та нар намайг унагахаар хүчээр түлхсэн, Гэвч ЭЗЭН надад тусалсан юм.
[14] ЭЗЭН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болсон юм.
[15] Зөв шударга хүний майханд баяр хөөртэй хашхираан, авралын дуу байна. ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.
[16] ЭЗЭНий баруун мутар өндөрт өргөгдсөн. ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.
[17] Би үхэхгүй, харин амьдарч, ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.
[18] ЭЗЭН намайг хүндээр гэсгээсэн, Гэвч намайг үхэлд хүргээгүй.
[19] Надад зориулж зөв шударгын дааман хаалгыг нээгээч. Би түүгээр орно, би ЭЗЭНд талархал өргөнө.
[20] Энэ бол ЭЗЭНий дааман хаалга юм. Зөв шударга хүн түүгээр орох болно.
[21] Та надад хариулсан бөгөөд Та миний аврал болсон учраас Би Танд талархал өргөнө.
[22] Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов.
[23] Энэ бол ЭЗЭНээс бөгөөд Бидний нүдэнд гайхалтай юм.
[24] Энэ бол ЭЗЭНий бүтээсэн өдөр юм. Үүнд хөгжилдөн баярлацгаая.
[25] Өө, ЭЗЭН, бид залбирч байна, авраач. Өө, ЭЗЭН, бид залбирч байна, дэвшлийг өгөн соёрхооч!
[26] ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ. Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөсөн юм.
[27] ЭЗЭН бол Бурхан бөгөөд Тэр бидэнд гэрлийг өгсөн. Тахилыг тахилын ширээний эврэнд уяагаар холбогтун.
[28] Та бол миний Бурхан, би Танд талархал өргөе. Миний Бурхан, би Таныг өргөмжилнө.
[29] ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн, Түүний хайр энэрэл мөнхийнх юм.