Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:47

[1] Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно.

[2] Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана. Даруу хүн үүнийг сонсон баярлана.

[3] Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, Хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе.

[4] Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж, Бүх айдсаас минь намайг аварсан.

[5] Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөд Тэдний нүүр царайнууд дахин ичгүүрт орохгүй.

[6] Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож, Бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан.

[7] ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, Тэднийг авардаг.

[8] ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!

[9] Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн. Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй.

[10] Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.

[11] Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс. Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье.

[12] Амийг хүсэмжилдэг бөгөөд Сайныг харахаар урт наслахыг хайрлагч хэн бэ?

[13] Өөрийн хэлийг хорон муугаас, Өөрийн уруулыг худал хэлэхээс сахин хамгаал.

[14] Бузар муугаас салж, сайныг үйлд. Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө.

[15] ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.

[16] ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм.

[17] Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож, Бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг.

[18] ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд Сүнсээрээ гэмшигчдийг авардаг.

[19] Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг.

[20] Тэр түүний бүх ясыг хамгаалдаг, Тэднээс нэг нь ч хугараагүй юм.

[21] Бузар муу байдал хорон муу хүнийг ална. Зөв шударга хүнийг үзэн ядагчид буруушаагдана.

[22] ЭЗЭН Өөрийн зарц нарын сэтгэлийг авардаг бөгөөд Түүний дотор хоргоддог хэн нь ч буруушаагдахгүй.

Дуулал — Chapters