[1] ЭЗЭН, Таны дотор би хоргодсон. Намайг хэзээ ч ичгүүр бүү болгооч. Өөрийн зөв шударга байдлаар намайг авраач.
[2] Над уруу чихээ ойртуулж, Намайг хурдан авраач. Миний хувьд хүчний хад, намайг аврах бэхлэлт болооч.
[3] Учир нь Та бол миний хад, миний цайз юм. Өөрийн нэрийн төлөө Та намайг удирдаж, хөтлөх болно.
[4] Тэдний надад зориулан нууцаар тавьсан торноос Та намайг гаргана. Учир нь Та бол миний хүч чадал юм.
[5] Таны гарт би сүнсээ даатгадаг. Үнэний Бурхан ЭЗЭН, Та намайг зольсон.
[6] Хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүсийг би үзэн яддаг, Гэвч би ЭЗЭНд итгэдэг.
[7] Би Таны хайр энэрэлд баясан баярлах болно, Яагаад гэвэл Та миний зүдгүүрийг харсан. Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн бөгөөд
[8] Та намайг дайсны гарт тушаасангүй. Та миний хөлийг уудам газарт тавьсан билээ.
[9] ЭЗЭН, намайг нигүүлсээч, Учир нь би зовлон зүдгүүр дунд байна. Уй гашуугаас болж миний нүд, сэтгэл болон бие минь ч турж эцжээ.
[10] Учир нь би амьдралаа уйтгар гунигтайгаар, Он жилүүдээ санаа алдалттайгаар өнгөрүүлсэн. Миний хүч тэнхээ гэмээс минь болж сулран, Бие минь турж эцсэн.
[11] Өөрийн бүх өстнүүдээс болж би Ялангуяа хөршүүдийнхээ дунд доромжлол, Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон. Намайг гудамжинд хардаг хүмүүс надаас зайлсхийдэг.
[12] Үхсэн хүн шиг би санаанаас гаран мартагдсан. Би хагарсан сав шиг юм.
[13] Учир нь би олон хүний гүтгэлгийг сонссон. Тал бүрд аймшиг бөлгөө. Тэд миний эсрэг хамтдаа зөвлөлдөж байхдаа Миний амийг авахаар хуйвалджээ.
[14] Харин, ЭЗЭН, би Танд итгэдэг, "Та бол миний Бурхан" гэж би хэлдэг.
[15] Миний цаг хугацаа Таны гарт байна. Намайг дайснуудын минь гараас болон Намайг хавчигчдаас авраач.
[16] Нүүр царайгаа Өөрийн зарцын дээр гэрэлтүүлээч. Хайр энэрлээрээ намайг авраач.
[17] Би Таныг дууддаг учраас, ЭЗЭН, намайг ичгүүр бүү болгооч. Хорон муу хүмүүсийг ичгүүр болгон, Тэднийг Үхэгсдийн оронд дуугүй байлгаач.
[18] Бардамнал, жигшилтэйгээр зөв шударгын эсрэг өршөөлгүй ярьдаг Худалч амыг дуугүй болгооч.
[19] Танаас эмээгчдэд зориулан Таны хуримтлуулсан, Таны дотор хоргодогчдод Таны соёрхсон сайн сайхан тань Хүний хөвгүүдийн өмнө хичнээн агуу вэ!
[20] Та тэднийг Өөрийн оршихуйн нууц газарт хүний заль мэхнээс нуудаг. Та тэднийг майханд хэл амны гүтгэлгүүдээс нууцалж хамгаалдаг.
[21] ЭЗЭН магтагдах болтугай. Учир нь Тэрээр бүслэгдсэн хотод Өөрийн хайр энэрлийг надад гайхамшигтайгаар үзүүлсэн.
[22] Би сандран байхдаа "Би Таны мэлмийн өмнөөс таслагдсан билээ" гэв. Гэсэн ч би Тан уруу хашхирахад Та миний гуйлтын дууг сонссон билээ.
[23] Түүний бурханлаг хүмүүс ээ, та бүгд ЭЗЭНийг хайрлацгаа. ЭЗЭН итгэлтэй хүнийг хамгаалж, Бардамнан үйлдэгчдэд хариуг нь бүрэн төлдөг.
[24] ЭЗЭНд найдагч бүгд ээ, Хүчтэй байн, зүрхээ зоригтой байлга.