Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:43

[1] Зөв шударга хүмүүс ээ, ЭЗЭН дотор баярлан дуулагтун. Шулуун шударга хүн магтан дуулахад зохистой.

[2] Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө. Арван утаст пийпаа хөгжмөөр Түүнд магтаалуудыг дуулагтун.

[3] Түүнд шинэ дууг дуул. Баярт дуугаар уран чадварлаг тогло.

[4] Учир нь ЭЗЭНий үг бол шулуун шударга бөгөөд Түүний бүх ажлууд итгэлтэйгээр хийгдсэн юм.

[5] Тэрээр зөв ба шударга байдлыг хайрладаг. Дэлхий ЭЗЭНий хайр энэрлээр дүүрэн.

[6] ЭЗЭНий үгээр тэнгэрүүд, Амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн.

[7] Тэрээр далайн усыг овоо шиг хамтад нь цуглуулдаг. Тэрээр гүний усыг агуулахад хуримтлуулдаг.

[8] Бүх дэлхий ЭЗЭНээс эмээгтүн. Ертөнцийн бүх оршин суугчид Түүнийг хүндэтгэгтүн.

[9] Учир нь Түүнийг айлдахад тэр нь биелсэн. Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон.

[10] ЭЗЭН улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг. Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог.

[11] ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг.

[12] Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг улс буюу Өөрийнхөө өв болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!

[13] ЭЗЭН тэнгэрээс хардаг. Тэрээр хүний хөвгүүдийг бүгдийг хардаг.

[14] Өөрийн оршин байгаа газраас Тэрээр Дэлхийн бүх оршин суугчид уруу хардаг.

[15] Тэр тэд бүгдийн зүрхийг бүтээдэг бөгөөд Тэд бүгдийн үйлсийг ойлгодог юм.

[16] Хүчит цэргээр аврагдах хаан гэж үгүй. Агуу хүчээр чөлөөлөгдөх дайчин эр гэж үгүй.

[17] Морь бол ялалтын хоосон найдвар бөгөөд Өөрийн агуу хүчээр ч хэнийг ч аварч чадахгүй.

[18] Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг нь

[19] Тэдний сэтгэлийг үхлээс аварч, Тэднийг өлсгөлөн дунд амьд үлдээхийн тулд байдаг юм.

[20] Бидний сэтгэл ЭЗЭНийг хүсэн хүлээдэг. Тэр бол бидний тусламж болон бидний бамбай юм.

[21] Бид Түүний ариун нэрд итгэдэг учраас Бидний зүрх Түүнд баярладаг.

[22] ЭЗЭН, бидний Танд найдсаны дагуу Таны хайр энэрэл бидний дээр байх болтугай.

Дуулал — Chapters