Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:41

[1] ЭЗЭН, Өөрийн хилэн дотроо намайг бүү зэмлээч, Өөрийн шатаж буй ууран дотроо намайг бүү гэсгээгээч.

[2] Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж, Таны мутар намайг доош дарсан.

[3] Таны хилэгнэлээс болж махан биед минь эрүүл газар үгүй. Миний нүглээс болж ясанд минь амар амгалан ч үгүй.

[4] Учир нь миний гэм буруу толгойгоос минь давжээ. Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна.

[5] Миний мунхгаас болж Шархнууд минь хувилж, муухай үнэр ханхлуулна.

[6] Намайг мушгин ихэд бөхийлгөжээ. Би бүхэл өдрийн турш гашуудан явна.

[7] Ууц нуруу минь халуу шатаж, Махан биед минь эрүүл газар гэж үгүй.

[8] Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ. Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.

[9] Эзэн, миний бүх хүсэл Таны өмнө байна. Миний санаа алдах дуу Танаас нууцлагдаагүй байна.

[10] Миний зүрх давчдаж, хүч чадал минь алдардаг. Нүдний минь гал ч бөхсөн.

[11] Миний хайртай хүмүүс хийгээд миний найз нөхөд Гамшгаас минь зугтдаг. Хамаатан саднууд минь ч холуур зогсдог.

[12] Миний амийг эрэгчид урхи тавьдаг. Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэддэг.

[13] Харин би дүлий хүн шиг үл сонсдог. Мөн амаа эс нээдэг хэлгүй хүн шиг байна.

[14] Тийм ээ, би бол огт сонсдоггүй, Аманд нь зэмлэл байдаггүй хүн мэт байна.

[15] Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг. Миний Бурхан ЭЗЭН, Та хариулах болно.

[16] Учир нь би "Хөл алдах үед минь өөрсдийгөө миний эсрэг өргөмжлөх Тэд надаас болж бүү баярлатугай" гэж хэлсэн.

[17] Учир нь би унахад бэлэн бөгөөд Өвчин шаналал минь үргэлж миний өмнө байдаг.

[18] Би гэм буруугаа улайдаг. Нүглээсээ болж би санаа зоволтоор дүүрэн байна.

[19] Харин миний дайснууд идэвхтэй, хүчтэй бөгөөд Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид олон байна.

[20] Би сайныг дагадаг тул сайныг муугаар хариулагчид намайг эсэргүүцдэг.

[21] ЭЗЭН, намайг бүү орхиоч. Бурхан минь ээ, надаас бүү хол байгаач.

[22] Миний аврал болох Эзэн, Надад туслахаар хурдлаач.

Дуулал — Chapters