[1] Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, миний авралаас Та юунд хол байна вэ?
[2] Бурхан минь ээ, би өдөр хашхирдаг боловч Та хариулдаггүй. Шөнө ч бас хашхирдаг боловч надад амралт үгүй.
[3] Гэвч Израилийн магтаалуудын дээр сэнтийнд залрагч аа, Та бол ариун юм.
[4] Бидний эцэг өвгөд Танд итгэсэн. Тэд итгэсэн бөгөөд Та тэднийг аварсан.
[5] Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв. Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.
[6] Харин би бол өт, хүн биш! Би бол хүмүүсийн буруутгал бөгөөд ард олонд жигшигдсэн юм.
[7] Намайг хардаг бүхэн намайг тохуурхан инээдэг. Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн
[8] "Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан. Тэр түүнийг авраг! Тэр түүнд баярладаг тул түүнийг авраг!" гэж байна.
[9] Гэсэн ч Та бол намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн. Эхийнхээ хөхөөр байх үед Та намайг итгүүлсэн.
[10] Би төрөхөөсөө Танд даатгагдсан. Эхийнхээ хэвлийд байх үеэс минь Та миний Бурхан байсан.
[11] Зовлон ойрхон байгаа учраас Надаас бүү холдооч. Учир нь туслах хүн нэг ч алга.
[12] Олон үхрүүд намайг хүрээлсэн. Башаны хүчтэнүүд намайг бүсэлсэн.
[13] Хуу татахаар архиран байгаа арслан шиг Тэд над уруу амаа том ангайлгадаг.
[14] Намайг ус шиг асгасан бөгөөд Миний бүх яс мултарсан. Миний зүрх лааны тос адил юм. Тэр нь миний дотор хайлсан.
[15] Миний хүч шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Миний хэл түүшиндээ наалдсан. Та намайг үхлийн шороонд тавьдаг.
[16] Учир нь намайг ноход хүрээлжээ. Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ. Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан.
[17] Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж, над уруу гөлрөн ширтдэг.
[18] Тэд миний гадуур хувцсыг хоорондоо хувааж, Миний дотуур хувцасны төлөө шоддог.
[19] Харин, ЭЗЭН, Та бүү холдооч. Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.
[20] Миний сэтгэлийг илднээс, Миний ганц амийг нохойн эрхшээлээс авраач.
[21] Намайг арслангийн амнаас авраач. Зэрлэг үхрийн эврээс аварч, Надад хариу өгөөч.
[22] Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно. Чуулганы дунд би Таныг магтах болно.
[23] ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт. Иаковын үр удам болох та бүгд Түүнийг алдаршуул. Израилийн үр удам болох та бүгд Түүнийг хүндэтгэ.
[24] Учир нь Тэр зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй. Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй. Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм.
[25] Их чуулганы дунд миний магтаал Танаас ирдэг. Түүнээс эмээгчдийн өмнө би өөрийн тангаргаа биелүүлнэ.
[26] Ядуу хүн идэж, цадна. ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно. Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай!
[27] Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно. Улс үндэстнүүдийн бүх ургууд Таны өмнө хүндэтгэн мөргөнө.
[28] Учир нь хаанчлал бол ЭЗЭНийх. Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг.
[29] Дэлхийн баян чинээлэг хүн бүхэн идэж, хүндэтгэн мөргөх болно. Шороон доор орогч бүхэн, Өөрсдийн сэтгэлийг амьд хадгалж чаддаггүй бүхэн ч Түүний өмнө сөгдөнө.
[30] Үр удмууд Түүнд зарагдах болно. Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно.
[31] Тэд ирж, Тэр үүнийг үйлдсэн гэдгийг, Ирээдүйд төрөх хүмүүст Түүний зөв шударгыг зарлах болно.