[1] Бурхан, үндэстнүүд Таны өв уруу иржээ. Тэд Таны ариун сүмийг бузарлажээ. Тэд Иерусалимыг балгас болгожээ.
[2] Тэд Таны зарц нарын цогцсуудыг тэнгэрийн шувуудад хоол болгон, Таны бурханлаг хүмүүсийн махан биеийг газрын араатнуудад өгсөн.
[3] Тэд цусаа Иерусалимын эргэн тойронд ус мэт урсгасан. Тэднийг оршуулах хэн ч байгаагүй.
[4] Бид өөрсдийн хөршүүдэд буруутан, Бидний эргэн тойронд байгсдад доог тохуу болсон.
[5] ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу? Таны хардалт гал шиг шатах уу?
[6] Өөрийн уур хилэнг Таныг мэддэггүй үндэстнүүд, Таны нэрийг дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.
[7] Учир нь тэд Иаковыг залгиж, Орших газрыг нь цөл болгосон.
[8] Бидний өвөг дээдсийн гэм бурууг бидний эсрэг бүү санаач. Бид маш доор орсон учир Таны өршөөл биднийг угтан авахаар хурдан ирээч.
[9] Бидний авралын Бурхан, Өөрийн нэрийн алдрын төлөө бидэнд туслаач. Өөрийн нэрийн төлөө биднийг аварч, бидний гэмийг уучлаач.
[10] Юунд үндэстнүүд "Тэдний Бурхан хаана байна вэ?" гэж хэлэх ёстой вэ? Таны зарц нарын урссан цусны өс хонзон Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.
[11] Хоригдлуудын ёолох дуу Таны өмнө ирэг. Үхэхээр яллагдсан хүмүүсийг Өөрийн хүчний агуугаар хамгаалаач.
[12] Эзэн, Таныг буруутгасан буруутгалыг Бидний хөршүүдэд өвөрт нь долоо дахин илүүгээр буцаан өгөөч.
[13] Тийнхүү Таны хүмүүс болох бид ба Таны бэлчээрийн хонин сүрэг Танд мөнхөд талархана. Таны магтаалыг бид үеийн үед дамжуулна.