Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:52

[1] ЭЗЭН, Тан уруу би сэтгэлээ өргөдөг.

[2] Бурхан минь ээ, би Танд итгэдэг, Намайг бүү ичгүүр болгооч. Дайснуудыг минь надаас болж бүү баярлуулаач.

[3] Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй. Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид ичгүүр болно.

[4] ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч. Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч.

[5] Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач. Учир нь Та бол миний авралын Бурхан юм. Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг.

[6] ЭЗЭН, Өөрийн өршөөл болон хайр энэрлийг дурсан санаач. Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ.

[7] Миний залуу насны нүглийг, эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач. Өөрийн хайр энэрлийн дагуу намайг санаач, ЭЗЭН, Өөрийн сайн чанарын төлөө санаач.

[8] ЭЗЭН бол сайн бөгөөд шулуун шударга юм. Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд замыг зааварладаг.

[9] Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж, Тэдэнд Өөрийн замыг сургадаг.

[10] Түүний гэрээ хийгээд Түүний гэрчлэлийг сахигчдад ЭЗЭНий бүх жимүүд бол хайр энэрэл ба үнэн юм.

[11] ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө Миний их гэм нүглийг уучлаач.

[12] ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ? Тэрээр түүнд сонгох ёстой замд нь зааварчилна.

[13] Түүний сэтгэл сайн сайхан байдал дотор оршиж, Үр удам нь газар нутгийг өвлөн авах болно.

[14] ЭЗЭНий нууц Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг. Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.

[15] Миний нүд үргэлж ЭЗЭН уруу хардаг. Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллах юм.

[16] Би ганцаардсан болон зовж шаналсан учир Над уруу эргэж, намайг нигүүлсээч.

[17] Зүрхний минь зовлонгууд ихэссэн юм. Зүдгүүрээс минь намайг гаргаач.

[18] Миний шаналал, зовлонг харж, Миний бүх нүглийг уучлаач.

[19] Миний дайснуудыг хараач. Учир нь тэд олуулаа бөгөөд Тэд намайг маш ихээр үзэн яддаг.

[20] Миний сэтгэлийг хамгаалж, намайг авраач. Би Таны дотор хоргоддог учир намайг ичгүүрт бүү оруулаач.

[21] Би Таныг хүсэн хүлээдэг учир Үнэнч болон шулуун шударга байдалд намайг хамгаалаг.

[22] Бурхан, Израилийг Бүх зовлон бэрхшээлээс нь авраач!

Дуулал — Chapters