[1] ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх.
[2] ЭЗЭНий золигдсон хүмүүс өгүүлэгтүн. Тэднийг Тэр өстний гараас зольж,
[3] Өрнө хийгээд дорноос, Өмнөд хийгээд умраас, Нутаг бүрээс цуглуулсан.
[4] Тэд цөл нутагт зэлүүд газар тэнэж байв. Тэд оршин суугчидтай хот уруу хөтлөх замыг олж чадахгүй байв.
[5] Өлсөж, цангаад Тэдний сэтгэл тэдний дотор сульдсан.
[6] Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.
[7] Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн.
[8] Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
[9] Учир нь Тэр цангасан сэтгэлийг хангалуун болгож, Өлссөн сэтгэлийг сайн зүйлсээр дүүргэсэн.
[10] Тэд бол харанхуйд болон үхлийн сүүдэрт суугчид, Арчаагүй байдал болон төмрөөр гинжлэгдсэн хүмүүс юм.
[11] Яагаад гэвэл тэд Бурханы үгсийн эсрэг тэрслэн, Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг үл тоосон.
[12] Тиймээс Тэр тэдний зүрхийг хөдөлмөрөөр номхтгосон. Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч тусалсангүй.
[13] Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.
[14] Тэр тэднийг харанхуйгаас болоод үхлийн сүүдрээс гаргаж, Тэдний хүлээсийг тасалсан.
[15] Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
[16] Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Төмөр түгжээг нь хугалсан.
[17] Өөрсдийнхөө тэрслүү зам болон Өөрсдийн гэм буруугаас болж тэнэгүүд зовжээ.
[18] Тэдний сэтгэл бүхий л төрлийн хоолонд дургүйцсэн бөгөөд Тэд үхлийн дааман хаалга уруу ойртсон.
[19] Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан.
[20] Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж, Тэднийг мөхлөөс нь аварсан.
[21] Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
[22] Тэднээр бас талархлын тахилуудыг өргүүлэн, Түүний үйлсийн тухай баясгалантай дуугаар тунхаглуул!
[23] Усан онгоцоор далайд гарагчид, Их усан дээр наймаа эрхлэгчид
[24] ЭЗЭНий үйлсийг хийгээд Гүнд буй Түүний гайхамшгуудыг харсан.
[25] Учир нь Тэр тушааж, хар салхийг босгож, Түүгээр далайн давалгааг хуйлруулсан.
[26] Тэдгээр нь тэнгэр өөд гарч, Гүн уруу эргэн буув. Сүйрлийн улмаас тэдний сэтгэл хайлсан.
[27] Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн, гуйвсан бөгөөд Тэдний оюун ухаан нь самуурсан.
[28] Тэгээд тэд зовлонгийнхоо дундаас ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь гарган авсан.
[29] Далайн давалгаануудыг нам гүм болгохоор Тэрээр шуургыг номхтгосон.
[30] Тэдгээр нь нам гүм болсон учраас тэд баярлаад, Тиймээс Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилсан.
[31] Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
[32] Тэднээр бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжлүүлж, Ахмадуудын зөвлөлд Түүнийг магтуул.
[33] Тэр гол мөрнүүдийг цөл болгон, Усны булгуудыг ангасан газар болгон хувиргадаг.
[34] Тэнд оршин суугчдын хорон муугаас болж Шимтэй газрыг хужиртай газар болгосон.
[35] Тэрээр цөлийг усны цөөрөм, Хатсан газрыг усны булгууд болгон хувиргадаг.
[36] Тэнд Тэрээр өлссөн хүмүүсийг суулгадаг. Энэ нь тэднээр оршин суугчидтай хотыг босгуулан,
[37] Талбайд тариа тариулж, усан үзмийн талбай байгуулуулж, Үр жимс сайтай ургацыг хураалгахын тулд болой.
[38] Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж, Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй.
[39] Тэд дарамт, арчаагүй байдал, уй гашуугаас болж Цөөрч, доройтсон үед
[40] Тэр ноёдод зэвүүцлээ юүлж, Замгүй зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг.
[41] Харин Тэрээр гачигдагсдыг зовлон зүдгүүрээс хол, өндөрт өргөж, Тэдний гэр бүлүүдийг хонин сүрэг мэт өсгөдөг.
[42] Шулуун шударга хүн үүнийг хардаг бөгөөд баяртай байна. Харин хамаг зөвт бус байдал амаа хамхидаг.
[43] Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр зүйлсийг анхаарч, ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг.