[1] Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун. Миний Бурхан ЭЗЭН Та бол агуу их юм. Та цог жавхлан, сүр хүчээр хувцасласан.
[2] Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг шиг татдаг.
[3] Тэр Өөрийн дээд тасалгааны тулгуурыг усан дотор тавьдаг. Тэрээр үүлсийг Өөрийн тэрэг болгон хөлөглөдөг. Тэрээр салхины жигүүрээр явдаг.
[4] Тэрээр салхийг Өөрийн элч, Галын дөлийг Өөрийн үйлчлэгч болгодог.
[5] Үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулд Тэрээр газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан.
[6] Та түүнийг хувцсаар халхлахын адил гүнээр бүрхсэн. Их ус уулсын дээр байлаа.
[7] Таны зэмлэлээс тэд зугтаж, Таны аянгын дуунаас тэд зайлан одсон.
[8] Уулс өргөгдсөн. Хөндий талууд Таны тэдэнд оноож тогтоосон газар уруу доош суусан.
[9] Тэднийг газрыг бүрхэхээр буцаж ирүүлэхгүйн тулд, Тэднийг халиулахгүйн тулд Та их усны хязгаарыг тогтоосон юм.
[10] Тэрээр хөндийд булаг оргилуулдаг. Тэдгээр нь уулсын дундуур урсдаг.
[11] Тэдгээр нь хээр талын араатан амьтан бүрийг ундаалж, Хулангуудын цангааг ч тайлдаг.
[12] Тэдгээрийн дэргэд огторгуйн шувууд нутагшиж, Мөчрүүдийн дунд дуулан жиргэдэг.
[13] Тэр Өөрийн дээд тасалгаанаас уулсыг усалдаг. Түүний үйлсийн үр жимсэнд газар дэлхий хангалуун байдаг.
[14] Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг, Хүний хөдөлмөрт зориулан хүнсний ногоог ургуулдаг. Энэ нь түүгээр газар шорооноос хүнсийг болон
[15] Хүний зүрхийг баясгадаг дарсыг, Нүүрийг өнгөлдөг тосыг болон Хүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.
[16] ЭЗЭНий модод, Түүний тарьсан Ливаны хуш модод арвин ихээр ундаалдаг юм.
[17] Тэнд шувууд болон Нарс модыг оромж болгодог өрөвтас ч үүрээ засдаг.
[18] Өндөр уулс янгирт зориулагдсан. Хадан цохио доргоны хоргодох газар болдог.
[19] Тэрээр цаг хугацааг заахаар сарыг бүтээсэн. Нар ч шингэх газраа мэддэг.
[20] Та харанхуйг томилсонд тэр нь шөнө болдог. Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.
[21] Залуу арслангууд идэшнийхээ хойноос архирч, Бурханаас хүнсээ гуйдаг.
[22] Нар мандахад тэд буцаж, Агуйнууддаа очин хэвтдэг.
[23] Хүн ч ажиллахаар, Үдэш болтол хөдөлмөрлөхөөр гардаг.
[24] Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн. Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм.
[25] Агуу, өргөн далай байдаг бөгөөд Тэнд тоо томшгүй олон мөлхөгчид буюу Том, жижиг амьтад бий.
[26] Тэнд усан онгоцнууд нааш цааш явдаг бөгөөд Тэнд тоглож байхаар Таны бүтээсэн Левиатан ч бий.
[27] Тогтоосон цагт нь хоол хүнсийг нь өгөхийг тань Тэд бүгд хүлээж байдаг.
[28] Таныг тэдэнд өгвөл тэд түүж авдаг. Таныг мутраа дэлгэхэд тэд сайн сайханд ханадаг.
[29] Таныг нүүрээ нуухад тэд хямардаг. Таныг тэдний амьсгалыг авахад тэд үхэж, Хөрс шороондоо буцдаг.
[30] Та Өөрийн Сүнсийг илгээхэд тэд бүтээгддэг. Тэгээд Та газрын өнгө төрхийг шинэчилдэг.
[31] ЭЗЭНий алдар мөнхөд байх болтугай. ЭЗЭН Өөрийн үйлсэд баярлах болтугай.
[32] Түүнийг газар дэлхий уруу харахад тэр нь чичирдэг. Түүнийг уулсад хүрэхэд тэдгээр нь утаа гаргадаг.
[33] Би амьдрах хугацаандаа ЭЗЭНд дуу дуулна. Би амьд байхдаа Бурхандаа магтан дуулна.
[34] Миний бясалгалууд Түүнд тааламжтай байх болтугай. Би ЭЗЭНий дотор баярлах болно.
[35] Нүгэлтнүүд газар дэлхийгээс зайлуулагдаж, Хорон муу хүмүүс байхгүй болог. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНийг магтагтун.