[1] Өө, Бурхан, бүү дуугүй байгаач. Өө, Бурхан, бүү дуугүй байгаач, бүү нам жим болооч.
[2] Учир нь харагтун Таны дайснууд шуугиж, Таныг үзэн ядагчид толгойгоо өргөсөн.
[3] Тэд Таны хүмүүсийн эсрэг хорон санаатай төлөвлөгөөг гаргаж, Таны нандигнасан хүмүүсийн эсрэг хамтдаа хуйвалддаг.
[4] Тэд "Израилийн нэр дахин дурсагдахгүйн тулд Очиж, тэднийг үндэстнээр нь арчиж, үгүй болгоцгооё" гэцгээв.
[5] Тэд нэг оюун бодлоор хамтран хуйвалджээ. Таны эсрэг тэд гэрээ байгуулдаг.
[6] Едомын майхнууд болон ишмаелчууд, Моаб болон хагирчууд,
[7] Гебал, Аммон болон Амалек, Филист, Тирийн оршин суугчидтай хамт
[8] Ассири ч тэдэнтэй холбоо тогтоож, Тэд Лотын хүүхдүүдэд тус дэм болжээ. Села
[9] Тэдэнтэй Мидианд үйлдсэн шиг, Кишон голын урсгалын дэргэд Сисера ба Иабинд үйлдсэн шиг хандаач.
[10] Тэд Ен-дорт сөнөөж, Газарт хаягдах хог мэт болсон.
[11] Тэдний язгууртнуудыг Ореб ба Зееб шиг, Тэдний бүх ноёдыг Зеба ба Залмунна шиг болгооч.
[12] Тэд "Өөрсөддөө зориулан Бурханы бэлчээрүүдийг эзэмшицгээе" гэцгээж байсан.
[13] Бурхан минь ээ, тэднийг хамхуул шиг, Салхинд хийсэх сүрэл мэт болгооч.
[14] Ойг шатаадаг гал шиг, Уулсыг шатаадаг дөл шиг
[15] Өөрийн хуй салхиар тэднийг хөөж, Өөрийн шуургаар тэднийг сүрдүүлээч.
[16] Тэд Таны нэрийг эрж хайдаг болохын тулд Тэдний нүүрийг ичгүүрээр дүүргээч.
[17] Тэднийг мөнхөд ичгүүрт оруулан айлгаж, Тэднийг дорд болгон мөхөлд учруулаач.
[18] Ингэснээр тэд ЭЗЭН гэдэг нэртэй Та л ганцаараа Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг мэдэх болтугай.