[1] Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун. Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун.
[2] Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, Түүний ач тусын алийг нь ч бүү март.
[3] Тэр чиний бүх гэм бурууг уучилж, Чиний бүх өвчнийг илааршуулдаг.
[4] Тэр чиний амийг мөхлөөс аварч, Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг.
[5] Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.
[6] ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө Зөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг.
[7] Тэр Өөрийн замыг Мосед, Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн.
[8] ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй, Уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян.
[9] Тэр үргэлж тэмцэлдэхгүй, Уураа ч мөнхөд хадгалахгүй.
[10] Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй, Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй.
[11] Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм.
[12] Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан.
[13] Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.
[14] Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтснийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.
[15] Хүний хувьд гэвэл, түүний өдрүүд өвс ногоо шиг байдаг. Тэрээр хээрийн цэцэг шиг өсөн хөгждөг.
[16] Дээгүүр нь салхи өнгөрөхөд тэр үгүй болдог бөгөөд Түүний газар нь ч түүнийг дахин таньдаггүй.
[17] Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоод Түүний зөв шударга байдал үр хүүхдүүдийн үр хүүхдүүдэд хүрдэг.
[18] Энэ нь Түүний гэрээг сахигчдад, Түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм.
[19] ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг.
[20] Түүний үгийн дууг даган Түүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун.
[21] Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг Түүний түмэн цэргүүд ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.
[22] Түүний захирдаг бүх газарт буй Түүний бүтээлүүд болох та бүгд ээ, ЭЗЭНийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.