[1] Миний магтаалын Бурхан, Бүү дуугүй байгаач.
[2] Учир нь тэд миний эсрэг хорон муу, мэхлэгч амаа нээсэн. Тэд миний эсрэг худалч хэлээр ярьсан.
[3] Тэд бас үзэн ядалтын үгсээр намайг тойруулж, Миний эсрэг ямар ч шалтгаангүйгээр довтолсон.
[4] Миний хайрын хариуд тэд намайг буруутгагчид болдог. Харин би залбирч байна.
[5] Ингэж тэд надад сайныг муугаар, Миний хайрыг үзэн ядалтаар хариуллаа.
[6] Хорон муу хүнийг түүний дээр томилж, Буруутгагчийг баруун гар талд нь зогсоогтун.
[7] Шүүгдэх үед нь гэмтэй гэж түүнийг урагш гаргаж, Түүний залбирлыг ч нүгэл болгооч.
[8] Түүний хоног өдрүүдийг цөөрүүлээч. Түүний ажил албыг өөр хүнд өгөөч.
[9] Түүний хүүхдүүдийг өнчин, Эхнэрийг нь бэлэвсэн болгооч.
[10] Түүний хүүхдүүдийг тэнүүчлүүлж, гуйлга гуйлгуулаач. Тэднийг сүйрсэн гэрүүдээс нь хол газар гуйж хооллох болгооч.
[11] Түүнд зээлдүүлэгч хүнд өөрт нь байгаа бүхнийг олзлуулж, Гадны хүмүүст түүний хөдөлмөрийн үр шимийг тонуулаач.
[12] Түүнд өршөөл хүртээх хэнийг ч, Түүний өнчин хүүхдүүдийг ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!
[13] Түүний үр удмуудыг таслаач. Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.
[14] Түүний эцэг өвгөдийн хийсэн гэм бурууг ЭЗЭНий өмнө сануулж, Түүний эхийн нүглийг арчигдахыг бүү зөвшөөрөөч.
[15] Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаар Тэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.
[16] Яагаад гэвэл тэрээр хайр энэрлийг үзүүлэхээ мартаж, Харин алахын тулд зүдрэгч болон гачигдагчийг, Мөн зүрх нь шаналсан хүнийг хавчсан юм.
[17] Тэр бас хараах дуртай байсан бөгөөд тэр нь ч өөрт нь буцан иржээ. Тэр ерөөлд баярлаагүй бөгөөд тэр нь ч түүнээс хол байв.
[18] Харин тэрээр хувцас өмсдөг шиг өөртөө хараалыг өмсөж, Хараал нь ч түүний биед ус шиг, Түүний ясанд тос шиг шингэсэн.
[19] Тэр хараал түүний хувьд өмсдөг хувцас нь мэт, Үргэлж бүсэлдэг бүс нь мэт болох болтугай.
[20] Энэ нь намайг буруутгагчдад хийгээд Миний сэтгэлийн эсрэг бузрыг яригчдад ЭЗЭНээс өгөх шан болог.
[21] Харин БУРХАН Эзэн, Та Өөрийнхөө нэрийн төлөө надад хандаач. Таны хайр энэрэл сайн учраас намайг авраач.
[22] Учир нь би бол зүдрэгч ба гачигдагч бөгөөд Зүрх минь миний дотор шархадсан.
[23] Би уртсаж буй сүүдэр мэт алга болж байна. Би царцаа мэт хийсэн туугдсан.
[24] Мацаг барьснаас болж өвдөг минь сулран, Махан бие минь ч өөхгүйгээр эцэж ядарлаа.
[25] Би бас тэдэнд зэмлэл буруушаал болсон. Тэд намайг хараад, толгойгоо сэгсэрдэг.
[26] Миний Бурхан ЭЗЭН, надад туслаач. Өөрийн хайр энэрлийн ёсоор намайг авраач.
[27] Энэ бол Таны мутар гэдгийг тэдэнд мэдүүлээч. ЭЗЭН Та үүнийг үйлдсэн.
[28] Тэд харааг, харин Та ерөөгөөч. Тэд босохдоо ичгүүрт орно, Харин Таны зарц баярлах болно.
[29] Намайг буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж, Тэднийг өөрсдийнх нь шившгээр гадуур хувцасаар бүтээлгээч.
[30] Би амаараа ЭЗЭНд талархлыг элбэгээр өргөх болно. Мөн олны дунд би Түүнийг магтах болно.
[31] Учир нь сэтгэлийг нь шүүдэг хүмүүсээс түүнийг аврахын тулд Тэрээр гачигдагч хүний баруун гар талд зогсдог.