[1] Хүчит Нэгэн, Бурхан, ЭЗЭН айлдаж, Нар мандахаас жаргах хүртэлх газар дэлхийг дуудсан.
[2] Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулсан.
[3] Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг. Түүний урд талд гал шатаж, Эргэн тойронд нь салхи шуурга шуурна.
[4] Тэр Өөрийн хүмүүсийг шүүхийн тулд Дээд тэнгэрт болон газар дэлхийг дуудаж
[5] "Миний бурханлаг хүмүүсийг Над уруу цуглуул. Тэд тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн юм" гэдэг.
[6] Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг, Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм. Села
[7] "Сонсогтун, Миний хүмүүс ээ, би ярих болно. Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ. Би бол Бурхан, чиний Бурхан билээ.
[8] Би чиний тахилуудаас болж чамайг зэмлэхгүй бөгөөд Чиний шатаалт тахилууд ч үргэлж миний өмнө байдаг.
[9] Би чиний гэрээс залуу бухыг ч, Чиний хашаанаас хуцыг ч авахгүй.
[10] Учир нь ойн амьтан бүр, Мянган толгодод бэлчдэг мал сүрэг Минийх юм.
[11] Би уулын шувуу бүрийг мэддэг бөгөөд Хээр талд хөдөлдөг бүхэн Минийх юм.
[12] Би өлссөн байсан ч чамд хэлэхгүй байсан. Учир нь дэлхий болон түүний агуулдаг бүхэн Минийх юм.
[13] Би бухнуудын махыг идэж, Хуцнуудын цусыг уух гэж үү?
[14] Бурханд талархлын өргөлийг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.
[15] Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно".
[16] Харин хорон муу хүнд Бурхан айлдахдаа "Миний тогтоолуудыг зарлан, Миний гэрээг амандаа байлгах ямар эрх чамд байна вэ?
[17] Чи сахилгажуулалтыг үзэн ядаж, Үгсийг минь үл тоодог.
[18] Чи хулгайчийг харахдаа түүнд баярладаг бөгөөд Чи завхайрагчидтай нэгддэг.
[19] Чи амаа бузар мууд өгдөг бөгөөд Чиний хэл заль мэхийг зохиодог.
[20] Чи сууж, ах дүүсээ муулан ярьдаг. Чи өөрийн эхийн хүүг гүтгэдэг.
[21] Чамайг эдгээрийг хийхэд Би дуугүй байсан. Чи Намайг өөртэйгөө адил гэж бодсон. Би чамайг зэмлэж, Нүдний чинь өмнө хэргийг чинь дараалан байрлуулна.
[22] Бурханыг магтагч та нар аа, одоо үүнийг бодогтун, Эс тэгвэл Би тастчин хаях бөгөөд та нарыг аврах хүн үгүй байна.
[23] Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг. Үйлс замналаа засагч хүнд Би Бурханы авралыг үзүүлнэ."