Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:40

[1] Бурхан, намайг авраач. Учир нь их ус аминд минь заналхийлсэн.

[2] Би гүн намагт живсэн бөгөөд тэнд хөл тогтох газар үгүй. Би гүн усанд орж, үерт автсан.

[3] Би хашхирсаар байгаад ядарчээ. Хоолой минь хатжээ. Би Бурханаа хүлээхэд нүд минь гархилсан.

[4] Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид толгойн үснээс минь ч олон байна. Шударга бусаар миний дайсан болон намайг устгах гэгчид хүчтэй байна. Би хулгайлаагүй зүйлээ буцааж өгөх ёстой болж байна.

[5] Бурхан, миний мунхаглалыг мэддэг нь Та бөгөөд Миний буруу Танаас нууцлагдаагүй.

[6] Түмэн цэргийн БУРХАН Эзэн, Таныг хүлээгчид надаас болж ичгүүрт бүү ороосой. Израилийн Бурхан, Таныг эрэн хайгчдыг надаас болж шившигт бүү оруулаасай.

[7] Учир нь Таны төлөө би жигшил зэвүүцлийг үүрчээ. Миний нүүрийг ичгүүр нөмөрсөн.

[8] Би ах дүүстээ харийн хүн болж, Эхийнхээ хөвгүүдэд ч гадны хүн болсон.

[9] Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгиж, Таныг буруутгасан хүмүүсийн буруутгалууд надад ирсэн.

[10] Намайг мацаг барин сэтгэлдээ уйлахад, Тэр нь чухамдаа миний шившиг болсон.

[11] Намайг тааран хувцас өмсөхөд, Би тэдний хувьд, сургамж яриа болсон.

[12] Дааман хаалганы дэргэд суугчид миний тухай ярьдаг бөгөөд Би согтуурагчдын дуу нь болсон.

[13] ЭЗЭН, тааламжтай цагт миний залбирлууд Танд ханддаг. Бурхан, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаар Өөрийн авралын үнэнээр надад хариулаач.

[14] Намайг намгаас татан гаргаж, бүү живүүлээч. Би өөрийн дайснууд болон гүн их уснаас аврагдах болтугай.

[15] Би усны үерт үл автаж, Гүн усанд үл залгиулж, Миний дээр нүхний ам ч бүү хаагдаасай.

[16] ЭЗЭН, Таны хайр энэрэл сайн учир надад хариулаач. Өөрийн өршөөлийн агуу байдлаар над уруу эргэж,

[17] Өөрийн зарцаас нүүрээ бүү нуугаач. Учир нь би зовлон шаналлын дунд байна. Надад түргэн хариулаач.

[18] Сэтгэлд минь ойртон ирж, түүнийг авраач ээ. Миний дайснуудын учир намайг золиоч!

[19] Надад ирсэн буруутгал, ичгүүр болон доромжлолыг Та мэднэ. Миний бүх өстнүүд Таны өмнө байна.

[20] Буруутгал миний зүрхийг эмтрүүлж, би маш их өвчтэй байна. Би хэн нэгний өрөвдөхийг найдан харсан боловч хэн ч байгаагүй. Мөн тайтгаруулагчдыг харсан ч хэнийг ч олоогүй.

[21] Тэд бас надад миний хүнсэнд цөсийг, Намайг цангахад уулгахаар цууг өгсөн.

[22] Тэдний өмнөх тэдний ширээ урхи болог. Тэднийг амар тайван байхад энэ нь хавх болог.

[23] Тэднийг харж чадахгүй болгохоор нүд нь харанхуйлах болтугай. Тэдний ууц нурууг үргэлж чичрүүлээч.

[24] Өөрийн хилэгнэлийг тэдний дээр асгаач. Таны дүрэлзэж буй уур тэднийг нөмрөх болтугай.

[25] Тэдний хуаран хоосрох болтугай. Тэдний майхнуудад хэн ч бүү оршин сууг.

[26] Учир нь тэд Таны бут цохьсон хүнийг хяхан хавчсан бөгөөд Тэд Таны шархдуулсан хүмүүсийн өвчний талаар ярилцдаг.

[27] Тэдний гэм буруу дээр гэм бурууг нэмээч. Тэд Таны зөвт байдалд бүү ороосой.

[28] Тэд амийн номоос хасагдан арчигдаж, Зөв шударга хүмүүстэй хамт бүү бичигдээсэй.

[29] Харин би зовж шаналсан бөгөөд өвдөж байна. Бурхан, Таны аврал намайг өндөрт өргөх болтугай.

[30] Би Бурханы нэрийг дуугаар магтаж, Түүнийг талархлаар өргөмжилнө.

[31] Энэ нь ЭЗЭНд үхрээс илүүгээр, Эсвэл эвэр туурайтай залуу бухнаас илүүгээр таалагдах болно.

[32] Даруу хүмүүс үүнийг үзсэн бөгөөд баярлаж байна. Бурханыг эрэн хайгчид аа, та нарын зүрх сэргэх болтугай.

[33] Учир нь ЭЗЭН гачигдагсдыг сонсдог бөгөөд Өөрийн хоригдлуудыг жигшдэггүй.

[34] Тэнгэр ба газар, Далай ба тэдгээрийн дотор хөдөлж буй бүхэн Түүнийг магтаг.

[35] Учир нь Бурхан Сионыг аварч, Иудагийн хотуудыг босгон байгуулна. Энэ нь тэднийг тэнд суулгаж, тэдгээрийг эзэмшүүлэхийн тулд юм.

[36] Түүний зарц нарын үр удмууд үүнийг өвлөж, Түүний нэрийг хайрлагчид тэнд оршин суух болно.

Дуулал — Chapters