Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:12

[1] Өө, Түмэн цэргийн ЭЗЭН, Таны оршин суудаг газар хичнээн тааламжтай вэ!

[2] Миний сэтгэл ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн, эрмэлздэг. Миний зүрх ба махан бие минь амьд Бурханд баясан хашхирна.

[3] Миний Хаан ба миний Бурхан, Түмэн цэргийн ЭЗЭН Таны тахилын ширээнд Шувуу ч орших газраа, Хараацай ч өөрийн ангаахайнуудыг суулгах үүргийг олсон.

[4] Таны өргөөнд оршигчид юутай ерөөлтэй вэ! Тэд үргэлж Таныг магтаж байна. Села

[5] Хүч нь Таны дотор, Зүрхэнд нь Сион уруу хөтлөх замууд байх хүн юутай ерөөлтэй вэ!

[6] Нулимсны хөндийгөөр туулан гарахдаа тэд түүнийг булаг болгодог. Эрт орох бороо ч мөн түүнийг ерөөдөг.

[7] Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэн Хүчээс хүч уруу хүрдэг.

[8] Өө, Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, миний залбирлыг сонсооч. Өө, Иаковын Бурхан, чих тавин чагнаач. Села

[9] Хараач, бидний бамбай болсон Бурхан, Өөрийн тосолсон хүний нүүр уруу хараач.

[10] Учир нь Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр юм. Би хорон муугийн майхнуудад оршин суухаас Өөрийн Бурханы өргөөний босгон дээр зогсохсон.

[11] Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.

[12] Өө, Түмэн цэргийн ЭЗЭН, Танд итгэдэг хүн юутай ерөөлтэй вэ!

Дуулал — Chapters