[1] ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун!
[2] Би амьддаа ЭЗЭНийг магтана. Би байх зуураа Бурхандаа магтан дуулна.
[3] Ноёдод бүү итгэ, Авралгүй хүний хүүд ч бүү итгэ.
[4] Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг.
[5] Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон, Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ!
[6] Тэрээр тэнгэр ба газар, Далай хийгээд түүний дотор байгч бүхнийг бүтээсэн. Тэрээр итгэлийг мөнхөд сахин,
[7] Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, Өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг. ЭЗЭН хоригдлуудыг чөлөөлдөг юм.
[8] ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг. ЭЗЭН сөхрөгчдийг босгодог. ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг.
[9] ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг. Тэрээр эцэггүй ба бэлэвснийг тэтгэдэг, Харин хорон муу хүний замд хөндөлддөг.
[10] Сион оо, чиний Бурхан болох ЭЗЭН Бүх үеийнхний туршид, мөнхөд захирна. ЭЗЭНийг магтагтун!