[1] Бурхан, эртний өдрүүд болох Бидний эцэг өвгөдийн өдрүүдэд Таны үйлдсэн ажлыг Тэд бидэнд ярьсан бөгөөд Бид чихээрээ сонссон билээ.
[2] Та Өөрийнхөө гараар улс үндэстнүүдийг зайлуулсан. Тэгээд Та эцэг өвгөдийг маань суурьшуулсан. Та хүмүүст гай тарьж, Тэднийг тараасан.
[3] Учир нь өөрсдийн илдээр тэд газар нутгийг эзлээгүй, Мөн өөрсдийнх нь гар тэднийг авраагүй, Харин Таны баруун гар болон Таны мутар, Таны оршихуйн гэрэл тэгсэн Учир нь Та тэднийг ивээсэн.
[4] Бурхан, Та бол миний Хаан. Иаковд ялалтыг тушаагаач.
[5] Танаар бид өөрсдийн өстнүүдийг эргүүлэн шахна. Таны нэрээр бидний эсрэг босогчдыг бид гишгэчнэ.
[6] Би өөрийн нуманд найдахгүй, Миний илд ч намайг аврахгүй.
[7] Харин Та биднийг өстнүүдээс минь аварч, Биднийг үзэн ядагчдыг Та ичгүүрт унагасан.
[8] Бид өдөржин Бурханаар бахархсан бөгөөд Бид Таны нэрд мөнхөд талархана. Села
[9] Гэсэн ч Та орхиж, биднийг ичгүүр болгон, Бидний цэргүүдтэй хамт давшдаггүй.
[10] Та биднийг өстний өмнөөс зугтаалгасан. Биднийг үзэн ядагчид өөрсөддөө олз авсан.
[11] Та биднийг идэшний хонь шиг өгч, Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан.
[12] Та Өөрийн хүмүүсийг үнэгүй шахам худалддаг бөгөөд Тэднийг худалдсанаар ямар ч ашиг аваагүй.
[13] Та биднийг хөршүүдэд маань ичгүүр, Эргэн тойрныхонд маань элэглэл, тохуурхал болгодог.
[14] Та биднийг улс үндэстнүүдийн дунд зүйрлэл, Хүмүүсийн дунд шившиг болгосон.
[15] Миний шившиг өдөржин миний өмнө байдаг бөгөөд Миний доромжлол намайг дүүргэжээ.
[16] Энэ нь намайг буруушааж, зэмлэдэг нэгний дуунаас, Дайсан хийгээд өшөө авагчийн оршихуйгаас болой.
[17] Энэ бүхэн бидэнд тохиолдсон боловч бид Таныг мартаагүй бөгөөд Бид Таны гэрээнд хуурамчаар хандаагүй.
[18] Бидний зүрх эргэж буцаагүй бөгөөд Бидний алхмууд Таны замаас хазайгаагүй.
[19] Гэтэл Та биднийг цөөвөр чононуудын орогнох газарт няц дарж, Биднийг үхлийн сүүдрээр хучсан билээ.
[20] Хэрэв бид өөрсдийн Бурханы нэрийг мартсан, Эсвэл гараа харийн бурхан уруу сунгасан бол
[21] Бурхан үүнийг олж илрүүлэхгүй байсан гэж үү? Учир нь Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.
[22] Харин Таны төлөө бид бүхэл өдөржин алуулдаг. Бид нядлуулах хонь шиг тооцогдсон байна.
[23] Эзэн, босооч. Юунд Та унтана вэ? Сэрээч, биднийг бүү мөнхөд орхиоч.
[24] Юунд Та нүүрээ нууж, бидний зовлон, дарамтыг мартана вэ?
[25] Учир нь сэтгэл маань тоос шороонд дарагдав. Бидний бие газарт наалддаг.
[26] Босооч, бидэнд тусалж, Өөрийн хайр энэрлийн төлөө биднийг авраач.