[1] Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн. Тэр над уруу ойртож, миний хашхирахыг сонссон.
[2] Тэр намайг сүйрлийн нүхнээс, шавар шавхайнаас татан гаргаж, Алхмыг минь бат бэх болгон миний хөлийг хадан дээр тавьсан.
[3] Тэр миний аманд шинэ дуу болох бидний Бурханд өргөх магтаалын дууг оруулав. Олон хүн хараад эмээж, ЭЗЭНд итгэх болно.
[4] ЭЗЭНийг өөрийн итгэлээ болгож, Бардамнагчид, эсвэл хуурмаг уруу хазайгчид уруу эргээгүй хүн ерөөлтэй еэ!
[5] Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшгууд болоод Биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй. Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм.
[6] Тахил болон идээн өргөлийг Та хүсээгүй. Та чихийг минь нээсэн. Шатаалт тахил болон нүглийн төлөөх тахилыг Та шаардаагүй.
[7] Тэгэхэд би "Харагтун, би ирлээ. Хуйлмал номд миний тухай бичсэн байдаг.
[8] Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий" гэж хэлсэн.
[9] Би зөв шударга байдлыг агуу их цуглаанд тунхагласан. ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхихгүйг Та мэднэ шүү дээ.
[10] Би Таны зөв шударга байдлыг зүрхэндээ нууцлаагүй. Би Таны итгэлтэй байдал хийгээд Таны авралын талаар тунхагласан. Би Таны хайр энэрэл хийгээд Таны үнэнийг агуу их цуглаанаас нуугаагүй.
[11] ЭЗЭН, Та Өөрийн өршөөлийг надаас бүү зайлуулаач. Өөрийн хайр энэрэл хийгээд үнэнээр намайг үргэлж хамгаалаач.
[12] Учир нь тоо томшгүй бузрууд намайг тойрчээ. Би харж чадахгүй болтол гэм буруундаа баригджээ. Тэдгээр нь миний толгой дахь үснээс ч илүү олон бөгөөд зүрх минь ч мохжээ.
[13] ЭЗЭН, намайг аврахаар таалаач. ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.
[14] Миний амийг устгахаар хайгчдыг Хамтад нь ичгүүрт унагаж, дорд болгооч. Намайг шархлахад баярлагчдыг Ухрааж, шившиг болгооч.
[15] Надад "Ха, ха!" гэгчдийг Өөрсдийнх нь ичгүүрээр сүрдүүлээч.
[16] Таныг эрэн хайгч бүхнийг Өөрийнхөө дотор баярлуулаач. Таны авралыг хайрлагсдаар "ЭЗЭН дээдлэгдэх болтугай" гэж үргэлж хэлүүлээч.
[17] Би зовж зүдэрсэн, гачигдсан болохоор Эзэн намайг бодох болтугай. Та бол миний тусламж хийгээд миний аврагч. Бурхан минь ээ, бүү хойшлуулаач.