[1] Тэгэхэд Иов хариулан —
[2] Тийм байдаг гэдгийг үнэндээ би мэднэ. Харин Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?
[3] Хэрэв хэн нэгэн Түүнтэй маргахыг хүсвэл, мянгаас нэг удаад ч тэрээр Түүнд хариулж үл чадна.
[4] Зүрхээрээ мэргэн, хүч чадлаараа төгөлдөр Түүнийг ямар ч хохиролгүйгээр хэн эсэргүүцэж байсан бэ?
[5] Тэднийг мэдэхгүй байхад Өөрийн уурандаа тэдгээрийг хөмрүүлэх үедээ Тэрээр уулсыг ч хөдөлгөдөг билээ.
[6] Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч, багануудыг нь ганхуулдаг.
[7] Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөд тэрээр оддыг лацаддаг.
[8] Тэрээр Өөрөө тэнгэрүүдийг сунган татаж, далайн давалгаануудыг доош гишгэчдэг.
[9] Тэрээр Долоон бурхан, Мичид, Марлын ордыг болон өмнөдийн ордуудыг бүтээсэн билээ.
[10] Тэрээр ухааршгүй аугаа зүйлс хийгээд тоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.
[11] Түүнийг миний хажуугаар өнгөрөх байсан бол би Түүнийг харахгүй байх байсан. Түүнийг цаашаа өнгөрөх байсан бол би Түүнийг ажиглахгүй байх байсан.
[12] Тэрээр шүүрэн авах байсан бол хэн Түүнийг саатуулж чадах байсан бэ? Хэн Түүнд "Та юу хийж байна вэ?" гэж хэлж чадах байсан бэ?
[13] Бурхан Өөрийн уураа буцаахгүй. Рахабын туслагч нар Түүний доор сөхөрдөг юм.
[14] Тэгэхээр би Түүнд хэрхэн хариулж, Түүний өмнө үгсээ сонгох вэ?
[15] Хэдийгээр би зөв байсан ч би хариулж чадахгүй байв. Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх байсан.
[16] Хэрэв би дуудаж, Тэрээр надад хариулсан бол миний дуу хоолойг Тэр сонссон гэдэгт би итгэж чадахгүй байсан.
[17] Учир нь Тэр намайг шуургаар довтолж, шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.
[18] Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрдөггүй, харин намайг уй гашуугаар дүүргэдэг.
[19] Хэрэв хүчний талаар бол, харагтун, Тэрээр хүчит нэгэн юм! Хэрэв шударга ёсны талаар бол, хэн Түүнийг дуудаж чадах вэ?
[20] Би хэдий зөвт ч гэсэн миний ам намайг буруутгах болно. Би хэдийгээр буруугүй ч гэсэн Тэрээр намайг буруутай гэж тунхаглах болно.
[21] Би буруугүй. Би өөрийнхөө талаар санаа тавьдаггүй. Би амьдралаа жигшдэг.
[22] Бүгд ялгаагүй. Тиймээс би "Тэрээр буруугүйг ч, хорон мууг ч устгадаг" гэж хэлдэг юм.
[23] Хэрэв ташуур гэнэтхэн хөнөөдөг бол Тэрээр гэмгүй нэгний цөхрөлийг элэглэдэг юм.
[24] Газар дэлхий хорон муу хүмүүсийн гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг. Хэрэв үгүй бол, тэгвэл тэр нь хэн байх билээ?
[25] Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм. Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.
[26] Тэд хулсан завьнууд мэт, олз уруугаа шумбан дайрах бүргэд мэт өнгөрөн оддог.
[27] Хэдийгээр би "Би гомдлоо мартаж, гунигт төрхөө орхиж, хөгжөөнтэй байя" гэж хэлдэг ч
[28] би бүх өвчин зовлонгоосоо айдаг бөгөөд Та намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.
[29] Би хорон муу гэж тооцогдсон, тэгвэл юунд дэмий хоосон зүтгэх юм бэ?
[30] Би өөрийгөө цасаар угааж, гараа шүлтээр цэвэрлэвэл,
[31] гэсэн ч Та намайг нүхэнд унагах байсан бөгөөд өөрийн хувцас минь ч намайг эгдүүцэх байсан.
[32] Бид хамтдаа шүүх уруу явж би Түүнд хариулж өгөхөөр Тэр над шиг хүн биш.
[33] Бид хоёрын дээр гараа тавих шүүгч бидний дунд байхгүй.
[34] Тэр Өөрийн саваагаа надаас холдуулж, Түүний аймшиг намайг бүү түгшүүлэг.
[35] Би Түүнээс эмээлгүй ярихсан. Гэвч би өөрийн дотроо үүнтэй адилгүй билээ.